“Эко хороолол”-ыг ирэх онд ашиглалтад бүрэн өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн ИТХ-ын дарга болон төлөөлөгчид “Баян-Өндөр Эко хороолол”-ын үйл ажиллагаатай танилцлаа. 2013 оноос эхэлсэн хороолын барилгын ажил өнөөдрийн байдлаар 40 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийт 200 айлын амины сууц барихаас 35 нь ашиглалтад оржээ. Үүний 15 нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн найман хувийн зээлд хамрагдсан байна. Харин энэ намар 60 гаруй айлын барилга ашиглалтад орох гэнэ. Тус хорооллын инженерийн шугам сүлжээг орон нутгийн төсвийн хоёр тэрбум төгрөгөөр хийсэн юм. Мөн орон нутгийн Хөгжлийн сангийн нэг тэрбум найман зуун таван мянган төгрөгөөр зургаан метрийн өргөнтэй дөрвөн км автозам хийж байна. Замын ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байна.
Уг хороололд нийт 15 мянган м.кв талбайд амины сууц барихаас одоогийн байдлаар 2000 гаруй м.кв талбайд барилгажилтын ажил хийгджээ. Анх 200 айлын хороолол барина гэж төлөвлөгөөнд туссан боловч нэг айлд ноогдох талбайн хэмжээ хэт бага байна гэсэн шүүмжлэлийн дагуу 100 гаруй сууц барих гэнэ. Тус хорооллын байрны нэг м.кв талбайн үнэ нэг сая 350 мянган төгрөг юм. Анхнаасаа бага, дунд орлоготой иргэдэд зориулагдсан тул үнэд ийнхүү хязгаар тавьжээ.
Б.Оюун-Эрдэнэ
Сэтгэгдлүүд