Төрийн албан хаагчид гурван хоног өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-24 12:37:10
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, энэ сарын 25-27-ны өдрүүдэд Төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болсныг дуулгалаа.

Монгол Улсын Шадар сайдын Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тус аймагт энэ сарын 26-27-ны өдөр зохион байгуулна.  Үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн хэмжээнд өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун дараах ажлуудыг үүрэг болголоо. Үүнд,
-Команд штабын сургуулилалтын ач холбогдол зорилгыг албан хаагчид болон иргэдэд ойлгуулах,
-Бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан эхнээсээ хариуцлагатай хяналттай ажиллах, санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй ажиллах,
- Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хийж байгаа ажлуудаа байгууллагууд иргэдэд урьдчилан сурталчилж, иргэдийг олноор нь хамруулах ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг анхааруулсан юм.

Харин аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар төрийн албан хаагчийн тухай шинэчилсэн хуулийг ажилтнууддаа танилцуулах, судлуулах, харилцаа хандлагадаа анхаарч иргэдийн дунд төрийн албаны нэр хүндийг унагахгүй байх тал дээр анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө.

Мөн тус аймгийн ЗДТГ сумдтай онлайнаар хурал хийх бүрэн боломжтой болсон тул байгууллагууд ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй онлайн хурал зохион байгуулж болно гэдгийг дуулгалаа. Ингэснээр төсвийн мөнгийг хэмнэх, үргүй зардлыг бууруулах ач холбогдолтой юм.
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ