Д.Баярмаа: Ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо энэ жил буурсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Д.Баярмаатай уулзаж ярилцлаа.
-“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй-2018” сарын аян эхэллээ. Тус арга хэмжээнд танай байгууллага ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Аймгийн засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан Хэнтий аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөл 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Энэхүү аян улс орон даяар хэрэгжиж байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын хоёрны өдөр хүртэл үргэлжилнэ. Хэнтий аймгийн хувьд “Ажлын байранд дахь ХАБ-эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд Залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан дор тус аянг өрнүүлж байна. Аяны Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хамтран зохион байгуулагчаар Мэргэжлийн хяналтын газар, ГБХЗХГ, Ажил олгогч эздийн холбоо, Нийгмийн даатгалын хэлтэс, МСҮТ, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоод ажиллаж байна.
-Аяны гол зорилго юу вэ? Яагаад Залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг уриалав?
-Энэхүү аяны гол зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлгүй, аюулгүй, эрүүл ажлын байрны орчныг бий болгох, ажилтнуудад аюулгүй ажиллах зан үйл, соёлыг төлөвшүүлэх явдал юм. “Ажлын байранд дахь ХАБ-эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд Залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриаг энэ жил улсын хэмжээнд дэвшүүлсэн.
Аяны хүрээнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд мөрдүүлж хэвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, стандартын талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлууд зохион байгуулагдана. Мөн Ерөнхий боловсролын сурагчдын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх” гар зургийн уралдаан, байгууллагуудын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-г эрхэмлэгч байгууллагыг шалгаруулна.
-Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн 2018 оны нэгдгээр улирлын ажлын үзүүлэлтээс сонирхуулаач?
-Манай хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалт, бичил аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар орон нутагт бий болох ажлын байрыг дэмжих үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад чанартай хүртээмжтэй шуурхай үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
Хэнтий аймагт нийт 24.7 мянган өрхөд 75.6 мянган хүн амьдарч байгаагийн 52.8 мянга нь хөдөлмөрийн насны хүн ам, эдийн засгийн идэвхтэй 30.1 мянган иргэн байна. Үүнээс ажиллагсад 27.2 мянга, хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийн тоо 4.2 мянга байна.
2018 оны гуравдугаар сарын байдлаар аймгийн ажилгүйдлийн түвшин 13.9 хувьтай байгаа. Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд ажил хайгчаар 613 иргэн бүртгэлтэй, өссөн дүнгээр 46 ажил олгогчийн 153 ажлын байрны захиалгад 75 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан. Сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл ихэвчлэн үйлчлэгч, зөөгч, бармен, тогооч, худалдагч, туслах ажлууд зонхилж байна. Ажилд зуучлагдсан 75 иргэний 46 нь эмэгтэй , 29 нь эрэгтэй байна. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Од хангай трейд” ХХК, Мандал хангай наран ХХК гэр бүлийн хоёр хүнийг гэр бүлээр нь ажилд авч ажлын байртай болголоо.
-Дээрх тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад?
-Өнгөрсөн оны мөн үед ажил хайгчаар бүртгэлтэй 977 иргэн, өссөн дүнгээр 36 ажил олгогчийн 105 ажлын байрны захиалгад 85 иргэнийг зуучилсан мэдээтэй ажилласан. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажил хайж шинээр бүртүүлсэн иргэн 2017 оны гурван сарын байдлаар 181 иргэн байсан бол 2018 онд 159 иргэн болж буурсан байна.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу 14 дахь удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 122 иргэнийг бүртгэсэн. Бүртгэлд хамрагдсан залуучууд ХХҮЕГ-т хуваарийн дагуу Солонгос хэлний шалгалтандаа орно.
Мөн энэ улирлын байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, ганцаарчилсан зөвлөгөөг нийт 171 иргэн аваад байна.
-Цаашид тус хэлтэс ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2018 оны ажлын төлөвлөгөө батлагдсан байгаа. Энэ хүрээнд нийт зургаан хөтөлбөр хэрэгжинэ. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээнд ганцаарчилсан байдлаар 650, бүлгээр 1090 хүнийг хамруулж, ажилд зуучлах үйлчилгээг 880 хүнд бүтэн жилийн турш үзүүлнэ.
Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөрийн хүрээнд сургалтуудад нийт 199 хүнийг, ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг 70 хүнд олгоно. Аж ахуй эрхлэлтийн сургалтыг 175 хүнд явуулна. Борлуулалтын болон ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэгт хөтөлбөрт хамрагдсан иргэн, аж ахуй нэгжүүдийг тухай бүрт хамруулахаас гадна нийтийг хамарсан ажил зохион байгуулж 330 иргэнийг, Ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 11 ААН-ийг, Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд 65 хүнийг тус тус хамруулахаар төлөвлөсөн.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд дөрөв, Борлуулалтын болон ажлын байрны түрээсийн хөнгөлөлтийг хөтөлбөрт хамрагдсан иргэн, аж ахуй нэгжид олгоно. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Малчин өрхийг малжуулах арга хэмжээнд төсөл авах, Сонгогдсон сумдын 60 малчинд мал авч хүлээлгэн өгөх, Аж ахуй эрхлэлтийн, мал маллагааны болон малын ашиг шим боловсруулах сургалт, туршлага солилцох уулзалт, бусад арга хэмжээнд 120 хүнийг оролцуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрт бэлтгэх сургалтад 22 хүнийг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжлэгтэйгээр ажилд зуучлахад гурван хүнийг, Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 14 хүнийг, Ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөд дөрвөн хүнийг, Аж ахуй эрхлэлтийн хөдөлмөр сургалт зохион байгуулахад 15 хүнийг, Ажил олгогчийг дэмжих урамшуулалд дөрвөн ААН-ийг хамруулахаар төлөвлөсөн.
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бүтэн жилийн турш Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байгуулах 58 хүний төсөл авах, Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг долоон ахмадад үзүүлнэ.
Д.Одонтунгалаг