Өдөрлөгийн үеэр 61 иргэн ажилтай болсон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-04-25 13:32:06

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт болсон Оюутолгой ХХК-ийн нээлттэй өдөрлөгийн үеэр 61 иргэн ажилтай болсон байна.
Тус өдөрлөгт Оюутолгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч компаниуд болон манай аймагт үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгж байгууллага оролцжээ. Тэд 1994 иргэнийг ажлын байранд бүртгэж, 5276 иргэнд компанийн танилцуулга материал тарааж, ярилцлаганд 312 иргэнийг оруулснаас 61 иргэнийг шинээр ажилд авсан байна.
"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгоно гэж тусгасан байдаг. Уг зорилтын хүрээнд уул уурхайн компаниудтай нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраар дамжуулан иргэдийг ажилд зуучилж байна. Мөн уул уурхайн компаниудтай хамтран нээлттэй өдөрлөг зохион байгуулсаар ирсэн. Уул уурхайн компаниуд орон нутгаас ажиллах хүч авах сонирхол их байдаг хэдий ч мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ