ХЭҮК-ийн Хэнтий аймаг дахь ажилтанд он гарсаар найман гомдол иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-26 09:23:35
Хэнтий /МОНЦАМЭ/ Хүний эрхийн Үндэсний комиссын Хэнтий аймаг дахь ажилтан ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан 2014 оноос томилогдон ажиллаж байна. Тэрбээр өнөөдрийг хүртэл 109 удаагийн сургалтаар нийт 4596 иргэнд хүний эрхийн сургалтыг зохион байгуулжээ.

Мөн 41 гомдол хүлээн авч, 476 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 24 удаагийн хяналт шалгалтын ажлыг тус аймгийн ШШГГ-ын харъяа Цагдан хорих байр, Цагдаагийн газрын баривчлах байранд хийгээд байна.

Он гарсаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Хэнтий аймаг дахь ажилтан нийт найман гомдлыг хүлээн авчээ. Тухайлбал, Төрийн албан хаагчийн албан тушаалаа урвуулан ашиглаж иргэнийг хохироосон асуудал, Нэгдсэн эмнэлгийн эмч, удирдлагатай холбоотой асуудал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүүхдийн эрхийг хохироож байгаа тухай, Хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал, Хуулийн төсөл боловсруулж өгөхийг хүссэн санал, Шүүгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой хоёр, Хуулийн дагуу шалгаж өгөхийг хүссэн зэрэг утга бүхий харъяалан ирүүлсэн гомдлын дагуу гүйцэтгэх ажиллагаа хийжээ. Мөн тухайн иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч харъяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ажлыг хийсэн байна.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/III/ тогтоолоор Парист батлагджээ. Энэхүү тунхаглал нь Дэлхийн хоёрдугаар дайны туршлагаас үүдэж "Хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий" хэмээх санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн юм. Нийт гучин зүйл ангиас бүрдсэн энэхүү тунхаглал нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн гэрээ, хуулиудын үндэс болжээ.
 
Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн төлөө ажилладаг Олон Улсын Байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 2018 онд уг тунхаг бичиг батлагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан олон ажил хийхээр төлөвлөөд байна. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ