Үндэсний монгол бичгээ хэрэглээний түвшинд хүргэх ёстойг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-05-01 15:49:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээний хүрээнд "Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр  Монголын уран зургийн галерейд болов.

МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, гавьяат багш доктор, профессор Ц.Өнөрбаян хэлэхдээ, “Монгол хэлний тухай хуульд үндэсний бичгийг хэрэглэх, сургалт сурталчилгааны  түвшинд сургах, өвлүүлэх тодорхой заалт бий. Гэвч үндэсний  бичгийн орчин бүрдэхгүй, ЕБС-ийн 6-12 дугаар ангид монгол бичиг зааж буй боловч хүүхдүүд монгол  бичгээр уншиж хэрэглээ болгож чадахгүй байна.  Монгол бичгийг зөвхөн албан гадаад харилцаанд хэрэглэж байгаа нь учир дутагдалтай. Ер нь “Хүмүүн бичиг” сониноос өөр унших ном хэвлэл алга. Тиймээс сургалт, хүмүүжлийн ач холбогдолтой монгол бичгийн ном зохиол хэвлэх шаардлагатай байна. Монгол хэлний тухай хуульд 2025 он гэхэд хос бичигтэн болох бэлтгэл хангана гэж заасан байдаг.Бид зөвхөн үндэсний бичиг үсгийн баяр тэмдэглээд өнгөрөх биш бүх нийтийг үндэсний монгол бичгийн хэрэглээний түвшинд хүргэх ёстой” гэв.

БСШУСЯ, СУГ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Бичиг соёл” боловсролын төв хамтран зохион байгулж буй уг хуралд 10 гаруй эрдэмтэн судлаач илтгэл тавьснаас академич, доктор, профессор Д.Төмөртогоо “Монгол дөрвөлжин бичиг түүний дурсгал” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр, “VIII-IX зууны үеийн монгол хэл аялгуун дээр үндэслэн хэвшиж тогтсон монгол бичгийн хэл нь XIII-XIV зууны үед аман ярианыхаа хэлнээс нэлээд зөрүүтэй болжээ. Тиймээс аман ярианы хэлэндээ ойр шинэ үсэгтэй болох хандлага бий болсон. Пагва ламын зохиосон дөрвөлжин бичиг хэдийгээр 100-аад  жил хэрэглэгдсэн ч түүний дурсгалууд нь монгол хэлний бүтэц, тогтолцоог тусгасан хэлний дурсгал төдийгүй Юань гүрний төрийн бодлого, хууль цааз, бурхан шашны сургаал номлолыг агуулсан монгол судлалын үнэлж баршгүй дурсгал юм. Мөн монгол дөрвөлжин бичгийн дурсгалуудын утга агуулга нь Юань гүрний төр, шашны бодлого болон буддын сургаал номлолын хэлц хэллэгүүдийг тусгаснаараа чухал үнэтэй” гэдгийг тодотгов.



Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор О.Самбуудорж “Эртний монгол хэлний дурсгал-Хүйс толгойн бичиг” сэдэвт илтгэлдээ, “Хүйс толгойн хөшөөний бичиг нь монгол хэлээр бичсэн хамгийн эртний дурсгал юм. Хүйс толгойн хөшөөний бичгийг зарим хүн түүхийн нарийн мэдээ агуулаагүй дурсгал гэж хэлж болох ч “Чингисийн чулууны бичиг”-ээс бүр эртний 600 гаруй жилийн тэртээх дурсгал болж буйгаараа “Монголын эртний түүхийг хэл, соёлын талаас баталгаажуулах баримт” болж монголчуудын хувьд түүхэн ач холбогдолтой юм” гэв.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ