"Тамхи зүрхэнд хортой-Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё" аян сарын турш үргэлжилнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-03 16:55:10
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Тамхины эсрэг дэлхий нийтийн өдөр буюу тавдугаар сарын 31-ний өдрийг угтан Говь-Алтай Эрүүл мэндийн газраас "Тамхи зүрхэнд хортой-Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё" аяныг тавдугаар сарын турш зохион байгуулахаа олон нийтэд мэдээллээ.
Аяны хүрээнд хүн амын тамхи, дам тамхидалтаас үүдэлтэй зүрх судасны өвчний талаарх ойлголтыг сайжруулах замаар тамхины хор уршигт олон нийтийн анхаарлыг хандуулах ухуулга, нөлөөллийн үйл ажиллагааг аймгийн 18 сум, 2 тосгонд зохион байгуулах ажээ.
Тухайлбал орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран олон нийтэд тамхины хор уршгийн талаар мэдээлэл сурталчилгаа хүргэн, нэг сарын хугацаанд 500 гаруй иргэнийг сургалтад хамруулах юм. Мөн “Тамхины ишгүй байгууллага” аяныг өрнүүлж, төрийн болон төрийн бус байгууллагуудын гадна орчин, нийтийн эзэмшлийн гудамж талбайг тамхины хог хаягдлаа тогтмол цэвэрлэх сонирхолтой арга хэмжээ зохиох гэнэ. Ингэснээр хүн амын тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлага сайжрах төдийгүй байгаль орчноо хамгаалах, хог хаягдалгүй эрүүл цэвэр орчин бүрдүүлэх идэвх санаачлага нэмэгдэх ач холбогдолтой хэмээх тус аймгийн Эрүүл мэндийн газрын Мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн П.Наранцацрал мэдээлсэн юм.
Сонирхуулахад дэлхий дээр 1,1 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд тамхидалт нь 6 секунд тутамд нэг хүн, насанд хүрсэн 10 хүний нэгийг жилдээ үхэлд хүргэж байна. Жил бүр тамхидалтаас болж нас барж байгаа хүний тоо нэмэгдэж, 2030 он гэхэд тамхдалтаас шалтгаалсан нас баралт бага, дунд орлоготой улс орнуудад 2 дахин өсч 6,8 саяд хүрэх, хорт хавдраас үүдэлтэй нас баралт 11,8 сая болтлоо нэмэгдэх тооцоог ДЭМБ-аас гаргасан байна.
 
Э.Нарангэрэл

Холбоотой мэдээ