“Шилдэг үндэсний соёлын өвийг түгээгч”-ээр багш О.Алтанхүү шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-07 17:31:04
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсэг-тусгаар тогтнол” арга хэмжээний хүрээнд “Өв соёл” судар ном, монгол хэл шинжлэлийн ном, хүүхдийн номын үзэсгэлэн, уралдаан тэмцээн, Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг монгол бичгийн клубуудын үйл ажиллагааг танилцуулах, сурталчилах, монгол бичгийн уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаанууд явагджээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг үсэг-тусгаар тогтнол” уриан дор аймгийн төв Сүхбаатар хотод энэ сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Баярын үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэх зорилгоор энэ удаа Сэлэнгэ аймгийн Засаг даргын харьяа агентлагууд болон аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Үндэсний бичиг үсэг, өв соёлоо эрхэмлэгч байгууллага” шалгаруулах аяныг зохион явуулсан байна. Үүнд нийт 16 төрийн болон аж ахуйн нэгж байгууллага идэвх санаачлагатай оролцжээ. Дээрх байгууллагуудаас Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газар тэргүүлж, Хилийн 0101-р анги, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагууд удаалсан байна. Баярын үйл ажиллагааны нэгдсэн арга хэмжээгээр Улсын тэргүүний 2-р сургуулийн Л.Одгэрэл багштай 4а анги, Б.Уранчимэг багштай 4б анги, А.Эрдэнэзул багштай 5а анги, С.Дуламсүрэн багштай 5б ангийн сурагчид Бямбын Ринчиний “Монгол хэл” шүлгийг уран уншлагаар уншиж сонордуулжээ. Мөн баярын үеэр “Шилдэг үндэсний өв тээгч” буюу зөв цэвэр бичигтнээр Улсын тэргүүний 2-р сургуулийн 12-р ангийн сурагч Н.Хатан-Эрдэнэ, “Шилдэг үндэсний бичиг үсгийг сонордуулагч” буюу түргэн, тод уншигчаар Улсын тэргүүний 4-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Амина, “Шилдэг үндэсний соёлын өвийг түгээгч”-ээр Улсын тэргүүний 4-р сургуулийн Монгол бичгийн багш О.Алтанхүү нар тус тус шалгарсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, үндэсний бичиг үсгийн баярыг үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор зохион явуулдаг энэхүү баярыг  Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран зохион явуулсан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ