Н.Пашинян ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-09 12:34:46
ЕРЕВАН. /ТАСС/. Энэ сарын 14-нд Сочи хотод болох Евразийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, хоёр улсын стратегийн холбоотны харилцааг цаашид хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах болон интеграцчлах үйл явцыг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Энэ тухай Н.Пашинян болон В.Путин нар утсаар ярих үеэрээ  мэдэгдсэнийг Арменийн ерөнхий сайдын цахим хуудаст мэдээлжээ.
 
Төрийн тэргүүнийн албан тушаалдаа албан ёсоор орсонтой нь холбогдуулан В.Путинд Н.Пашинян баяр хүргэхийн сацуу, төрийн цаашдын үйл хэрэгт нь амжилт хүссэн байна.
 
Харин Н.Пашинянд Арменийн ерөнхий сайдаар сонгогдсонд нь В.Путин баяр хүргэжээ.
 
Сөрөг хүчний удирдагч Н.Пашиняныг өчигдөр Арменийн Үндэсний хурлын депутатууд ерөнхий сайдаар сонгосон билээ. Арменийн шинэ үндсэн хуульд зааснаар ерөнхий сайд улс орны хамгийн өргөн бүрэн эрх мэдэлтэй хүн байх бөгөөд тэрбээр төрийн удирдлага болон гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх юм. 
 
Өдгөө 42 настай Н.Пашинян 1991 онд Ереваны их сургуулийн хэл шинжлэлийн факультетийн сэтгүүл зүйн ангид элсэн орж байжээ. Суралцахынхаа хажуугаар тэрбээр Арменийн «Дпрутюн», «Лрагир» болон «Молорак» зэрэг сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан аж. Гэсэн хэдий ч дөрвөн жилийн дараа тэрбээр улс төрийн үйл ажиллагаа явуулсан гэх шалтгаанаар сургуулиасаа хөөгдөж байжээ. Н.Пашиняны улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа 2007 оноос эхэлсэн байна. Тэрбээр Арменийн Үндэсний хурлын депутатаар 2012 онд сонгогдож байжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ