Улс төрийн намын тухай хуулиар хэлэлцүүлэг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-01 14:42:45

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслөөр өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэгт хуулийн төслийг боловсруулахад оролцсон судлаачид, улс төрийн намуудын төлөөлөл оролцов. Тухайлбал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Социал демократ намын дарга А.Ганбаатар зэрэг улс төрийн намын төлөөлөл оролцсон юм.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын, тухайн нам дотроо нэг анхан шатны салбар нэгжийн харьяалалтай байх, нам нь хатуу гишүүнчлэлгүй байх, дэмжигч гишүүн, намын гишүүн, сонгуульт гишүүдтэй байх, намыг татан буулгах, намын статусыг өөрчлөх эрхийг сонгуулийн төв байгууллага хариуцах зэрэг заалт орсон байгаа юм. Намыг татан буулгах үндэслэл нь тухайн нам Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан гэх зэрэг байх юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ