Өсвөрийн бөхчүүд тивийн АШТ-ээс гурван хүрэл медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-12 15:24:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн 2018 оны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентэд болж манай улсын баг тамирчдаас гурван хүрэл медаль хүртжээ.

Баасан гарагт чөлөөт бөхийн охидын 40, 46, 53, 61, 69 кг жингийн барилдаан болж, манай улсаас охидын 40 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Б.Номун, 69 кг-д Архангай аймгийн тамирчин Г.Намуунцэцэг нар мөнгө, 61 кг-д Завхан аймгийн тамирчин Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртэв.

40 кг-д Б.Номун хэсгийн барилдаанд Энэтхэгийн Светег цэвэр, Казахстаны Марал Тангарбергеноваг 9:2-ээр, хагас шигшээд Японы Коконэ Йокохамаг 8:4-өөр, эзэн орны Миножахон Самиевад цэвэр ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон юм.

61 кг-д Б.Оюунгэрэл хэсэгтээ БНХАУ-ын Зао Кинийг 9:2-оор ялсан ч Энэтхэгийн Аншу Аншуд 1:4-өөр ялагдав. Хагас шигшээд Японы Рүка Натамид 0:4-ээр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Агсунгул Азизоваг цэвэр ялсан.

69 кг-д Г.Намуунцэцэг хэсгийн барилдаанд БНХАУ-ын Зан Менгвейд 0:4-өөр ялагдсан ч Японы Риерү Одаг 2:1-ээр ялсан. Хагас шигшээд Энэтхэгийн Аншу Гужжарыг 7:4-өөр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Хятадын Зан Менгвейд дахин учраа таарч оноогоор цэвэр ялагдлаа.

Харин 46 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин А.Отгонзаяа, 53 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Мөнхбатын Пүрэвтунгалаг нар хэсэгтээ нэг ялж, хоёр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

                                                                                                                                                                        Д.Өлзий
 
Холбоотой мэдээ