Хүүхдүүд хоолонд хордоогүй, гэдэсний халдварт өвчнөөр өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 17:35:47

Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2 дугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолонд хордсон байж болзошгүй гэсэн мэдээллийг өмнө нь бид өгч байсан. Тэгвэл энэхүү онош нь биш болж, хүүхдүүд хоолонд хордсон бус гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдоод байна.

Одоогоор тус дотуур байрны 40 гаруй хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүндрээгүй хэвийн байна.

Хүүхдүүд өнгөрсөн сарын 18-наас эхлэн гэдэс нь өвдсөн бөгөөд сургуулийн эмч, удирдлагууд дотуур байрандаа өрөө тусгаарлан хэвтүүлж хугацаа алджээ. Ингэснээр өвдсөн хүүхдийн тоо өссөн тул өнгөрөгч сарын 25-наас аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Энэхүү дотуур байр нь 75 хүүхдийн хүчин чадалтай ч Улаангомд дотуур байрны хүрэлцээ муугаас шатгаалан жил бүр 130 гаруй хүүхэд авчирчээ. Одоогоор тус дотуур байрны 133 хүүхдэд нарийвчилсан шинжилгээ хийгээд байна. Өвчин гарсан шалтгааныг махнаас болсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тус дотуур байрны мах нийлүүлэх тендерт орон нутгийн “Бум номин” компани шалгарсан бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангахгүй мах нийлүүлж байсан нь МХГ-ын шалгалтаар илэрчээ. Иймээс аймгийн МХГ-аас албан ёсны дүн гартал “Бум номин” компанийн нийлүүлсэн махыг дотуур байрны хүүхдийн хоолонд хэрэглэхгүй байхыг сургуулийн захиралд даалгаад байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ