Адуунчулууны уурхайн үйл ажиллагааг түр зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-05-15 11:31:57
Дорнод /МОНЦАМЭ/. Адуунчулууны уурхайн олборлолтын үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагаас эхлэн түр зогсоогоод байна. Уурхайн 400 га талбайд “Найнги”, “МАК” ХХК-иуд ашиглалтын зөвшөөрөл давхцуулж авснаас үүдсэн маргаан нэлээд удаан өрнөсний эцэст “МАК” ХХК-иас гаргасан гомдлын дагуу аймгийн МХГ-аас “Адуунчулуун” ХК-ийн олборлолтын ажиллагааг зогсоож, техник хэрэгслийг нь лацдаж битүүмжлээд байгаа юм.
Хэл ам дагуулж буй 400 га талбайг 1969 оноос “Адуунчулуун” ХК ашиглаж иржээ. Тодруулбал, 1995 онд Ашигт малтмалын орд ашиглуулах тусгай зөвшөөрлийн 029 тоот гэрчилгээг батлагдсан газрын зурагт солбилцлыг тэмдэглэн зааж, “Адуунчулуун” ХК-д олгож байжээ. Гэтэл уг 400 га талбай дотор 1998 онд “Найнги” ХК-д 74 га-г олгож, 2009 онд “МАК” компанид 1083 га-г олгохдоо дээрх 400 га газрыг давхцуулснаас үүдэлтэй.
Энэхүү 400 га талбайн 134.5 га-г “Адуунчулуун” ХК ашиглаж дууссан, одоо үлдээд буй 134 га-д 30-40 жил ашиглах 40-50 сая тн нөөц бий гэнэ.
“Адуунчулуун” ХК дээрх давхцалыг арилгуулах хүсэлтээ холбогдох дээд байгууллагууддаа шат дараатай хүргүүлж ирсэн ч шүүхээс “МАК” компанийн талбай мөн гэж шийдсээр ирсэн байна. Аймгийн МХГ ч “Адуунчулуун” ХК “МАК”-ийн лицензтэй талбай руу орж олборлолт явуулсан гэж үзсэн байх юм.
Адуунчулууны уурхай нь “ДБЭХС” ТӨХК-ийг нүүрсээр хангадаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Дорнодын станц 10 хүрэхгүй хоногийн нүүрсний нөөцтэй үлджээ. Маргаан даамжирч, үйл ажиллагааг нь хорьж цагдсан байдалтай дахиад долоо хоноход л Дорнод аймаг төдийгүй зүүн бүс нутаг гэрэл цахилгааны хомсдолд орж мэдэхээр байна.  
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ