Сунгалт хийлгэсэн паспорттой иргэд хугацаа дуустал гадаадад зорчих боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-15 15:51:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийг зарим орны хилээр нэвтрүүлэхгүй байгаатай холбогдуулан ГХЯ-ны Консулын газраас тодруулга гаргажээ.

Уг тодруулгад, "Сунгалт хийгдсэн гадаад паспортаар гадаадад зорчиж буй иргэдэд зориулан гаргасан сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд ташаа ойлголт гарсан тул дараах тодруулгыг хийж байна.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавих стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд уг стандартыг хэрэгжүүлэх тухай заасан байдаг. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны Нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, 5 жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн.
Дээрх хугацаанаас өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр бөгөөд гадаадад зорчих боломжтой. Харин сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол гарсан тул эдгээр улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатайг үүгээр дахин мэдэгдэж байна.
ГХЯ-ны зүгээс цаашид сунгалттай паспортаар нэвтрэх боломжгүй улс орнуудын талаарх албан ёсны мэдээллийг тухай бүр олон нийтэд хүргэх болно.
Энэ дашрамд дахин сануулахад гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна" гэжээ.
Холбоотой мэдээ