Монголын хоккейн шигшээ багийн төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-16 13:39:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Спортлог Дарханчууд”аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, багийн спортыг дэмжих зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Шарын гол суманд дугуйлан, секцүүдийн үйл ажиллагааг сурталчлах, Монголын хоккейн шигшээ багийн тамирчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо.

Шайбтай хоккейн Азийн цомын тэмцээн Филиппиний нийслэл Манила хотод 2018 оны 04 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд болж Монголын шайбтай хоккейн шигшээ баг анх удаа аваргын алтан медаль хүртсэн. Энэхүү тэмцээнд оролцсон нийт тамирчдын дийлэнх буюу 19 тамирчны 13 нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын тамирчид аж. Тиймээс эдгээр тамирчдад хүндэтгэл үзүүлж тэдний амжилтыг олон нийтэд танилцуулах, алдрыг мөнхлөх үүднээс баярын жагсаал зохион байгууллаа.

Монголын шайбтай хоккейн баг тамирчид 2000 оноос эхлэн Азийн цомын тэмцээнд оролцож байсан хэдий ч аварга цомыг хүртэж байгаагүй ажээ. Харин 19 дэх жилдээ Азийн цомын аварга болсон Дарханчууд төдийгүй Монголчуудыг баярлуулсан. Шигшээ багийн тамирчдын алдрыг мөнхлөх арга хэмжээд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа болон сумын иргэд оролцлоо.

Энэ үеэр сумын хэмжээнд хичээллэж байгаа спорт, урлагийн секц дугуйлангуудын сурагчид өөрсдийн сурч мэдсэнээ эцэг эх, багш, зочид төлөөлөгчдөдөө сонирхууллаа. 1000 орчим иргэдийг хамруулсан энэхүү томоохон арга хэмжээний үеэр сумын удирдлагууд лигийн дурсгалын медалийг зарим удирдлагуудад гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн аймгийн Засаг дарга С.Насанбат спортын секц дугуйланд ашиглах 5 ширхэг бөмбөгийг гардуулан өглөө.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ