Израиль болон Палестин хоорондын сөргөлдөөнийг зохицуулах нөхцөлийг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-18 10:32:28
МОСКВА. /РИА Новости/. Иерусалим Израилийн нийслэл болохгүй байснаараа Палестинтай үүссэн сөргөлдөөн энхийн замаар зохицуулагдана гэж Израиль үзэхгүй байна хэмээн Иерусалимын асуудал эрхэлсэн сайд Зеев Элькин "Известия" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлсэн нь Ойрхи Дорнодын байдлыг улам бүр тогтворгүй болгоход хүргэж байна гэж үзэж байгаа нь утгагүй юм. Иерусалим Израилийн нийслэл болохгүй бол сөргөлдөөн энхийн замаар зохицуулагдахгүй” гэжээ.

Түүний хэлж байгаагаар, ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх нь Израиль улс Иерусалимыг улсынхаа нийслэлээ гэж үзэхээсээ татгалзахгүй гэдгийг Палестины талд ойлгуулах учир сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах боломжийг нэмэгдүүлэх аж.
 
Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр зарлаж, Израиль дахь АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. Д.Трампын шийдвэр палестинчуудын дунд эмх замбараагүй байдлыг үүсгэсэн юм.
 
Лалын болон христосын шашинтнууд, еврейчүүдийн аль аль нь "ариун газар" гэж үздэг олон газар Иерусалимд байдаг юм. 
 
Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг. Израилийн Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг билээ. Иерусалимын асуудлаарх Израилийн байр суурийг олон улс ч дэмждэггүй юм.
 Э.Аянзаяа 
 

Холбоотой мэдээ