Элчин сайд Мурат Карагөзөд “Тусгаар тогтнол цом” гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-12-02 13:29:48

Туркийн их, дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн Нийгэмд-Би нэртэй сайн дурын байгууллага энэ оны арваннэгдүгээр сарын 24-өөс энэ сарын 1-ний хооронд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 61-р сургуульд ажиллалаа.

Туркийн сайн дурынхан 61-р сургуулийн 100 гаруй сурагчдад зохион бүтээх, дуу хөгжим, зураг, бүжиг болон гэрэл зураг – богино хэмжээний кино бүтээлийн хичээл заасан байна. Нийгэмд-Би байгууллага нь төвөөс алслагдмал байршилтай сургуулиудын бага, дунд ангийн сурагчдын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг билээ. Өнөөдөр тус байгууллагын сайн дурынхан оролцогч сурагчдын хамт төслийн тайланг зохион байгууллаа.

Тайлан тоглолтонд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д. Ганболд, эцэг эхчүүд оролцсон бөгөөд сурагчид өөрсдийн хийсэн богино хэмжээний кино болон сурсан дуугаа толилуулж, Туркийн Эгийн тэнгис орчим нутгийн алдарт Зэйбек бүжгийн үзүүлбэрийг үзүүлсэн байна. Уг арга хэмжээний төгсгөлд тус сургуулийн захирал А. Мөнхчимэг БНТУ-ын ЭСЯ, ТИКА-ийн Хөтөлбөр зохицуулах газар болон Нийгэмд-Би байгууллагад хандаж талархсанаа илэрийллээ. Арга хэмжээний дараагаар Элчин сайд Мурат Карагөз болон Нийгэмд-Би байгууллагын Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д. Ганболдтой албан уулзалт хийлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д. Ганболд тус улсаас үзүүлсэн буцалтгүй тусламжинд баяртай байдгаа илэрхийлээд Элчин сайд Мурат Карагөзөд тус дүүргийн хүндэт шагнал “Тусгаар тогтнол цом”-ийг гардууллаа. Нийгэмд-Би байгууллагаас хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь хоёр улсын иргэд хоорондын харилцаанд өөрийн хув нэмрийг оруулна гэж дүгнэж байна.

Холбоотой мэдээ