Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д айлчилж байна

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-22 15:40:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д албан ёсоор айлчлал хийж байна.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Америкийн хөрөнгө оруулагчидтай Вашингтон хотноо уулзаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны сүүлийн үеийн нөхцөл байдал, Засгийн газраас хөрөнгө оруулалтыг татах, холбогдох орчинг улам найдвартай, тогтвортой байлгах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс тус тус танилцуулж, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулав.


Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй, дэлхийн хоёр том зах зээлийн дунд оршиж буй, бүс нутгийн эдийн засгийн интеграциудад дөхөм, ардчилсан, нээлттэй, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт тогтолцоотой, өндөр мэдлэг, боловсролтой хүн амтай гэдгийг онцолж, Монголд хөрөнгө оруулалт хийж, хоёр хөрш болон бүс нутгийн зах зээлд гарах боломж арвин байгааг хөрөнгө оруулагчдад онцлон тэмдэглэж, уриалав.

Арга хэмжээнд Монголд үйл ажиллагаа эрхэлдэг болон хөрөнгө оруулах эрмэлзэлтэй зэрэг нийт 30 гаруй компанийн төлөөлөгчид, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулдаг АмЧам-ын гишүүд тус тус оролцов.



Түүнчлэн энэ сарын 21-нд Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Төрийн департаментын Улс төрийн асуудал хариуцсан ТНБД-ын орлогч Т.Шэннон, Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Торнтон нартай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх  асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр тал нийтлэг үнэт зүйлс, стратегийн ашиг сонирхолд суурилсан Монгол Улс, АНУ-ын түншлэлийн харилцааны төлөө байгаагаа харилцан нотолж, Умард Солонгос зэрэг бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаа, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-тай байгуулахаар ажиллаж буй МСК-ийн Хоёр дахь компакт гэрээ болон харилцааны бусад асуудлаар мэдээлэл, санал солилцов.
Мөн өдөр Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд зочилж “Өөрчлөгдөж буй дэлхий: Жижиг орнуудын өөрчлөгдөж буй үүрэг” сэдвээр яриа хийж, Монгол Улсын гадаад бодлого, бүс нутаг дахь сүүлийн үеийн үйл явцын талаарх сонирхсон асуултад хариулав. Арга хэмжээнд Америкийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаач, оюутан, төр засгийн байгууллага, Вашингтонд суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл зэрэг 80 орчим хүн оролцов.
 
Н.Туяа
Холбоотой мэдээ