Хөвсгөл аймагт галзуу өвчний голомт идэвхтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-24 15:11:09
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мал амьтны галзуугийн 14 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан бөгөөд энэ жилийн хувьд өвчний идэвхжил өндөр байгаа гэнэ. Ихэвчлэн галзуурсан үнэг, хярс, дорго, мануул зэрэг зэрлэг амьтад айлын малруу дайрах, айлын нохой ноцох зэргээр илэрч байна.
Тус аймгийн 23 сумаас 19 нь галзуу өвчний голомттой бөгөөд урин дулааны цагт өвчний вирүс илүү сэргэдэг гэнэ. Мөн Мөрөн сумын хэмжээнд он гарсаар 55 иргэн нохойд хазуулж галзуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Эдгээр иргэдээс 5 нь эзэнгүй нохойд бусад нь өөрийн гэрийн тэжээвэр нохойдоо уруулсан байна. Хаврын улиралд зэрлэг амьтдын зан араншин өөрчлөгддөг учраас бага насны хүүхдийг нохойноос хол байлгах, тэжээвэр нохойндоо хоол өгөхдөө анхаарал болгоомжтой байхыг Зооноз өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч Д.Эрдэнэчимэг анхааруулж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ