Ерөнхий сайдын хэлсэн үг Засгийн газрын гаргасан шийдвэр

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-05-25 16:22:08
“Монголын эдийн засгийн чуулган 2018” хоёр өдөр болж өндөрлөлөө. Төрийн өндөрлөгүүдээс эхлээд жирийн иргэд, эрдэмтэн, судлаачид, ТББ-ийн төлөөлөгчид оролцогчид нь байв. Харин хэлэлцэж байгаа асуудал нь төр, хувийн хэвшлийн түншлэл. Оролцогчдийн үнэмлэхүй олонхийн чуулганы индэр, эргэн тойронд нь илэрхийлж  байгаа байр суурийг харахад төр, хувийн хэвшлийн эв түнжингийн талаар байсан гэж хэлж болно. Энэ удаагийн чуулган “хүчээ нэгтгэе” гэсэн уриатай. Тэгээд ч ийм чуулган жил бүр өөр уриатай болдог гэнэ.

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн тус чуулганыг хааж хэлсэн үг, маргааш нь буюу 23 –нд болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр хоёр хүйн холбоотой нь үйл явдлаас төвөггүй уншигдаж байх юм. Эдийн засгийн энэ удаагийн чуулганы бусдаас ялгарах онцлог  нь тэр байсан бус уу. Ингэж үзэх  шалтгаан бас байгаа юм.

Төрийн өмчийг 2018- 2020 хувьчлах үндсэн чилэлийг шийдвэрлэнэ.Төрөөс агаарын тээвэр, иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод нэмэлт өөрчлөлт оруулна гэж чуулганыг хааж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд У. Хүрэлсүх онцолсон юм.

Гэтэл Засгийн газрын хуралдаанаас Төрийн өмчийг 2018-2020 хувьчлах үндсэн чигэлэл батлах тухай  тогтоолын төслийг  хэлэлцээд дэмжиж УИХ-д өргөн барих шийдвэр гарчээ. Тогтоолын төсөлд Төрийн банк, Хөрөнгийн бирж, МИАТ,  Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ, Хөдөө аж ахуйн бирж, Арилжааны төлбөр тооцоо компаниуд болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 АЗЗА компани нэр заан орсон байна. Засгийн газар, эдийн засагийн чуулган  хоёрын хүйн холбоог гэрчилсэн өөр нэгэн баримтыг дахин дурьдах нь зөв гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар чуулганы эхний өдөр хэлсэн үгэнд Монгол улсын 2018-2021хөрөнгө оруулалтын хөтөлбөр бэлэн болсон гэж хэлсэн юм.  Засгийн газрын энэ өдрийн  хуралдаанаас тус хөтөлбөрийг батлах шийдвэрийг   бас гаргажээ.
Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг нь “Гурван тулгуурт хөгжлийн бодлого»юм. Хөтөлбөр, төсөлд улсын төсөв, гадаад зээл, тусламж, концессийн гэрээ, хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжих боломжтой 38.3 их наяд төгрөгийн өртөгтэй 113 төсөл, арга хэмжээ тусгасан гэнэ.  Хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрт ТЭЗҮ-ийг нь боловсруулсан Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан станц  барих хөрөнгө, эх үүсвэр, хариуцах эзнийг нарийвчлан зааж өгчээ.

Ерөнхий сайд  чуулган дээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй. Харин Засгийн газар гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай. Энэ үүднээс авч үзвэл Засгийн газар тус чуулганыг бэлтгэл, тооцоо судалгаа нь бүрэн хийгдэсэн төсөл арга хэмжээг олон нийтэд зардлах индэр болгов бололтой. Болохгүй зүйл байхгүй. Чуулганы индэр дээр хэлсэн үг нь "цуурайтаж"   байхад, Засгийн газар дээрх шийдвэрүүдийг гаргалаа. Гэхдээ шийдвэр гаргах нэг хэрэг, түүнийг "хүний нүдэнд харагдаж гарт баригдтал хийнэ" гэдэг бол тэднээс шаргуу хөдөлмөр хичээл зүтгэл, эв нэгдэл шаардсан том ажил гэдгийг тэд хүнээр хэлүүлтгүй мэдэх биз.

Монголчууд чих нүд хоёрын хооронд дөрвөн хуруу зай бий гэж хэлдэг. Тэгвэл томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хийж бүтээх тэгэхдээ “хүний нүдэнд харагдаж гарт баригдтал хийх”   хоёрын хооронд түүнээс бага зай гаргаж чадвал үр дүн өндөр гарах магадлалтай.

Иргэдийн хувьд өнөөдөр гарсан шийдвэрийн үр дүнг маргааш  нэхдэг муу заршилтай. Түүнийг тосон авч хөөрөгдөх бэлэн бааз  суурь манайд элбэг. Энэ бүхнийг даван туулж Засгийн газар гаргасан шийдвэрийнхээ  ард нь гарна. Түүний ард гарсан байхад тэдний улс төрд байх орон зай тэлж  иргэд, хувийн хэвшлийнхний  төрд алдарсан итгэл, сэтгэл сэргэнэ.  

Засгийн газар  хийж бүтээнэ гэдгээ хэллээ. Хийж бүтээхээ хэлэлцэж шийдвэрлэх нь хийх ажлын 50 хувь нь болдог  гэдэг. Энэ өнцгөөс харвал засаг 2018-2021 оны хооронд хэрэгжүүлэх  ажлынхаа талыг амьжуулсан юм  биш үү.   Г. Эрдэнэбат
 

Холбоотой мэдээ