Сонгуулийн тухай хуулийн хүрээнд ажлын дэд хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-02 17:05:52

УИХ-ын Төрийн байгуулалтын өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны хоёр тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэв.

Эхлээд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээр ахлуулан байгуулахаар тогтов.

Дараа нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын бүхий гишүүдийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Ц.Дашдорж, С.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулахаар болов.

Түүнчлэн тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтээ энэ сард багтаан байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүргийг ажлын хэсэг өгөхөөр тогтлоо.

Холбоотой мэдээ