Дархан-Уул аймгийн хэмжээнд хаврын тариалалт 58,6 хувьтай явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-30 09:39:26
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улс орон даяар хаврын тариалалт үргэлжилж байна. Манай аймгийн тухайд нийт 22 мянган га-д үр тариа, төмс хүнсний ногоо, тосны ургамлын тариалалт хийгдэж байгаа бөгөөд тариалалт 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхэлж, 58,6 хувьтай байгаа аж.

Энэ онд аймгийн хэмжээнд 15 мянган га-д үр тариа, 896 га-д төмс, 1547 га-д хүнсний ногоо, 4500 га-д тосны ургамал гээд нийтдээ 22277 га- талбайд тариалалт хийгдэж байгаа талаар аймгийн ХХААГ-ын газар, тариалан хариуцсан мэргэжилтэн О.Нэмэхбат мэдээллээ.
Энэ жилийн хаврын тариалалтад нийтдээ 2,7 мянган тонн улаан буудайн үр шаардлагатай байгаагаас ААНБ-ууд мянга гаруй тонн үрийн буудайг хадгалсан бол үлдсэн үрийн буудайг харъяа яамаар дамжуулан авч байна. 

Тариалангийн ажлыг технологийн хувьд хугацаанд нь чанартай гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн хүндрэлийн бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувь, шатахууныг 50 хувь, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр иргэд, ААНБ-уудад олгож байгаа ажээ. Дархан-Уул аймгийн тухайд 408 тонн бордоо шаардагдах тооцоо гарчээ.
 
Л.Отгонбаатар
 
 

Холбоотой мэдээ