Сүм, хийдүүдийн зөвшөөрлийг сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-30 20:41:11
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 17 сүм, хийдийн зөвшөөрлийг сунгах асуудлыг хэлэлцлээ.
Дээрх 17 сүм, хийдийн ирүүлсэн материалыг үндэслэн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр зөвшөөрлөө сунгуулах материалаа ирүүлсэн сүм, хийдийн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Хурлаар Дархан-Уул аймгийн төв гандан буюу “Хараагийн дарь эх ламын Гэцогдаржайлин” болон "Таравдо замбуулин" хийд, "Бал сажаавын номлолт жавзан Нарохажид" хийд, "Вайвем Дархан Монголиа", "Дархан Долоо дахь өдрийн Адвентист", "Хөвөгч авдар-Есүсийн хайр", "Есүсийн тосгон" сүм, "Нэг Довныхон Холбоо", "Есүсийн алдар", "Дархан эзний цуглаан", "Шинэчлэл холбоо", "Сэргэн мандал", "Монголын баярын мэдээ", "Ыбырай Үлы Султан Мечит" сүм, "Билал-Хабаши Мечит" сүм, "Алтангэрэл судар" төв, "Христийн чуулганы Итгэл" зэрэг сүм, шашны 17 байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийг нэг жилээр сунгалаа.
Одоогоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах хориглох журам”-ыг мөрдөн ажиллаж байгаа ажээ.
Дархан-Уул аймагт Будда, Христос, Мусалман шашны зэрэг нийт 33 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Засаг даргын орлогч Т.Ганболдоор ахлуулсан ажлын хэсгийн шинэчлэн боловсруулсан “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах хориглох журам”-ыг аймгийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулснаар нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг болж хэрэгжиж эхлэх юм.  Шинэчилсэн журам нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй сүм, хийдүүдэд тавих хяналтыг улам нэмэгдүүлэхэд чиглэжээ.

 
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ