Бичил уурхайчдын нөхцөл байдалтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-31 21:31:12
Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа нар Шарын гол суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Буянтын хөндий Шарын гол" бичил уурхай төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ.

Тус төрийн бус байгууллага өнөөдрийн байдлаар Дархан сумын 120, Хонгор сумын 20, Шарын гол сумын 350 гаруй, нийт 70 бригадын 500 гаруй иргэнийг ажлын байраар хангаж өөрсдийн гэсэн орлоготой болгожээ.
Тэд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах үүднээс сургалтад хамрагдаж өглөө бүр зааварчилгаа аван ажилдаа гардаг аж. Өөрсдийн гэсэн цахим үнэмлэхтэй болж зөрчил гаргасан тухай бүрд үнэмлэхийг цоолж 3 удаа болсон тохиолдолд шууд халагдах нөхцөлтэй гэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалд хамрагдахын зэрэгцээ 7 хоног бүрийн нэг өдөр амарч байхаар гэрээнд тусгагдсан ажээ.

24 цагийн байнгын харуултай, өглөөний 07.00 цагаас ажилдаа гарч оройн 20.00 цагт амардаг тус төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцсан удирдлагууд хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайн хангахын зэрэгцээ нөхөн сэргээлтийг иж бүрэн хийхийг санал болголоо.

Цаашдаа бичил уурхай хэрхэн нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж болдгийг харуулахыг хүссэн тус ТББ-ынхан, Бичил уурхайчид холбогдох хууль журмын хүрээнд зохион байгуулалтад орж, тухайн сумынхаа Засаг даргатай гэрээ байгуулан, албан ёсоор дүгнэлт нь гарсан газарт аюулгүй байдлаа хангаж ажиллаж байгаа гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Мөн тухайн газартаа олборлолт явуулаад, нөхөн сэргээлтээ өөрсдөө хийн буцааж хүлээлгэн өгдөг, Хоргүй технологи ашигладаг, Монголбанканд алтаа тушаадаг ажээ.

Байгалийн баялаг ихтэй Шарын гол сумын тухайд гар аргаар алт олборлодог иргэд олон. Зөвшөөрөлгүй газарт хууль бус олборлолт хийх, амь насаараа хохирох тохиолдлууд гарч байснаас үүдэн нөхөрлөл хэлбэрт шилжүүлэн тусгай дүрэм журам мөрдөж нэгдэн ажилласнаар давуу талууд бий болж байгааг нутгийн иргэд онцолж байлаа.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ