“Алдарт эх”-ийн одонг 220 гаруй ээж гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-31 21:52:29
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу Дархан-Уул аймагт өнөөдөр алдарт эхийн 1,2 дугаар одонгоо 220 гаруй ээжид гардууллаа.

“Алдарт эхийн” нэгдүгээр одон 13 ээж, “Алдарт эх” хоёрдугаар одон 210 гаруй ээж гардан авсан юм. Монголын бахархалт түүх, уламжлал, хөгжил дэвшил бүхэн монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн оюун билиг, эрдэм ухаан, хичээл зүтгэл, оролцоо санаачилгатай салшгүй холбоотой.

Монгол бүсгүйчүүд эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байгаагийн нэгэн илрэл нь Алдарт эхийн одонгоор шагнуулж буй эхчүүд юм гэдгийн ёслолын ажиллагааны үеэр аймгийн удирдлагууд онцолж байлаа.

Монгол үндэстний мөнхөд оршихын алтан хэлхээ болсон, ачтан буянтны ариун дээд шүтээн ээжүүд ийнхүү олон хүүхэд төрүүлж өсгөн, бойжуулж буй ач гавьяагаа бататган үнэлүүлж Алдарт эхийн одонгоо ийн ёслол төгөлдөр гардан авлаа.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ