Арменийн парламентын хэд хэдэн депутат эрх баригч намын бүлгээс гарахаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-06-05 16:23:13
ЕРЕВАН. /ТАСС/. Арменийн парламентын хэд хэдэн депутат эрх баригч Арменийн Бүгд найрамдах намын /АБНН/ бүлгээс гарахаар шийдээд байна гэж депутатуудад ойр байдаг эх сурвалж ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
 
“АБНН-ын парламентын бүлгээс гарах бодолтой байгаа депутатууд нь томоохон бизнес эрхлэгчид юм. Тэд өөрсдийн шийдвэрийг ойрын хугацаанд зарлахаар бэлтгэж байна. Ингэснээр бүгд найрамдахчууд парламентад цөөнх болно” гэж дээрх эх сурвалж тэмдэглэсэн байна.
 
АБНН нь 105 суудалтай парламентад одоогоор 54 суудалтай байгаа юм. Хэд хэдэн бизнес эрхлэгч гарсны дараа АБНН нь сүүлийн 19 жилийн хугацаанд анх удаа хууль тогтоох байгууллагад цөөнх болох юм байна. Тус нам 1999 оноос хойш Арменийн засгийн эрхийг барьж байгаа бөгөөд 1999, 2003, 2007, 2012, 2017 оны парламентын сонгуульд дараалан ялж байсан аж.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ