Самдан аваргын нэрэмжит барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-06 17:49:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат Ганжууржавын Самдан аваргын нэрэмжит Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаан энэ сарын гурванд болж, улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ.  Халх даяараа "Босоо" хэмээн алдаршсан их аваргын нэрэмжит барилдаан энэ жил 50 дахь удаагаа зохион байгуулагдав.

Энэхүү нээлттэй барилдааныг Хэнтий аймгийн БТСГ, Үндэсний бөхийн холбоо, Дадал сумын ИХТ, ЗДТГ, "Бэлгүдэй" Үндэсний бөхийн холбоо, сумын баг байгууллагууд хамтран  зохион байгуулжээ.

Тус барилдаанд 21 байгууллагын 53 бөх оролцон оюун ухаан, хүч чадал, уран мэхийг сорин барилдав. Оролцсон бөхчүүдийг цолоор ангилбал, улсын арслан нэг, аймгийн арслан долоо, аймгийн харцага гурав, аймгийн начин 12, сумын заан 14, сумын харцага тав, сумын начин зургаа, залуу бөх тав барилдсан байна. Барилдааны тэргүүн байрыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат ЦЕГ-ын Хүч спорт хороо, "Алтай консракшн" ХХК-ийн бөх Монгол Улсын залуу арслан Энхтөгсийн Оюунболд, дэд байрыг Хэнтий аймгийн Биндэр сумын харъяат Хилчин спорт хорооны 0208-р ангийн бөх, аймгийн арслан Г. Ганцоож, гутгаар байрыг Жаргалтхаан сумын харъяат, Энсада холдинг компанийн бөх Аймгийн арслан Ш.Отгонтөгс нар эзэлжээ.

Мөн уран барилдаантай бөхөөр Баян-Адарга сумын харъяат сумын заан Б.Түвшинтөгс шалгарсан бол уран гараа дэвээтэй бөхөөр Өмнөдэлгэр сумын  харъяат аймгийн начин Г.Ганзориг шалгарлаа. мөн Дэлгэрхаан сумын харъяат Ц.Чинзориг аймгийн заан, Увс аймгийн Давст сумын харъяат Багануур дүүргийн бөх аймгийн начин Э.Мөнх-Эрдэнэ аймгийн харцага, Батноров сумын харъяат сумын заан Ц.Өнөрбат аймгийн начин, Батгширээт сумын харъяат сумын начин Э.Амартүвшин аймгийн начин цол тус тус хүртэв.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг чансаа өндөртэй тус барилдаан Хэнтий аймгийн цол олгодгоороо онцлогтой.

Ардын засгийн анхны Аварга "Босоо" хэмээх Самдан аваргын тухай өгүүлэхэд,

 Цэцэн хан аймгийн Цэцэн вангийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Эрдэнэ уулын ард 1899 онд Ганжууржавын есөн хүүхдийн долоо дахь хүү нь болон мэндэлсэн. 

Ид үедээ 190 см өндөр, 120 кг жинтэй байжээ. 15 настайдаа Сүнэдэд очиж наймаа панз хийж байхдаа анх барилдаж түрүүлэн бөхийн гараагаа эхэлсэн гэдэг.

1923 оны наадамд Лу гүний Вандан аваргад унаж үзүүрлэсэн бол, 1924 оны цэргийн наадамд мөн л үзүүрлэж “Арслан” цол, 1925 онд алдарт “Буур” Жамъян аваргыг орхиж 10 даван түрүүлж, 26 насандаа “Улсын аварга” цол хүртжээ. Тэрээр 1938 онд долоо давж байсан аж.

Түүнийг аймгийн наадамд 17, орон нутаг, овоо тахилгын наадамд 24 удаа түрүүлсэн гэж зарим өгүүлэл, номд бичсэн байх нь бий. Хүчтэй халж суйлах, дэгээдэх зэрэг мэхийг гарамгай хийдэг, бяр хүчээрээ гайхуулж явсан Самдан аварга амьдралынхаа сүүл үед мэдрэлийн өвчинд нэрвэгдэж 48 насандаа өөд болжээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ