Жаргалтхаан сумын улсын бүртгэл онлайн сүлжээнд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-06 23:13:05
Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл технологийн газраас 2018 онд Монгол Улсын бүх сум, тосгоны улсын бүртгэлийг онлайн сүлжээнд холбох, бүртгэлийн системийг боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна. Тус  ажлын анхдагч нь болж Хэнтий аймгийн Жаргалтхаан сум онлайн сүлжээнд  холбогдлоо. 

Улсын бүртгэлийн нэгдсэн сангийн хадгалалт, хамгаалалт, мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг орон зай цаг хугацаанаас үл хамааран иргэн, хуулийн этгээдэд нээлттэй хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэх, бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зайлшгүй шаардлага бий болжээ.

Энэ ч үүднээс бүртгэлийн ой санамжийг бүрдүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас “Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 
 
Улсын бүртгэлийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдсоноор бүртгэлийн үйлчилгээг анхан шатны нэгжээс түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх, иргэдийн цаг хугацааг хэмнэх, чанар хүртээмж сайжрах боломж бүрдэж байна.

Цаашид бүртгэлийн анхан шатны нэгж болох сум тосгодын улсын бүртгэгч нарын тоног төхөөрөмжийг шинэчлэх, нэгдсэн сүлжээнд холбох зэрэг ажлууд шат дараатай хийгдэх аж.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ