Он гарсаар өсвөр насны 37 охин жирэмсэлж, 24,3 хувь нь үр хөндүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-07 10:26:44
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд өсвөр насны охидын жирэмслэлт 2017 онд 87, 2018 он гарсаар 37 тохиолдол гарсан ба тэдний 24,3 хувь нь үр хөндүүлсэн байдаг.

Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа нь харамсалтай. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насныхны охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байгаа юм. Өсвөр насандаа жирэмсэн болсон олон охид өөрийн сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо хязгаарладаг бөгөөд түүнийгээ нууж, айж сэтгэл санаа тогтвортой бус байснаар цусны даралт ихсэх, цус багадах, бохирдох, дутуу төрөх, зориулалтын бус газарт төрж байгаа нь охид өөрсдийн эрүүл мэндээ маш ноцтойгоор хохироож байгаа хэрэг юм. Дийлэнх жирэмсэн охидын хувьд хүсээгүй үедээ, тохиолдлын, гэр бүл болоогүй байхдаа жирэмсэлдгээс болж суурин газрынхан ихэвчлэн үр хөндөлт хийлгэдэг бол  алслагдсан хөдөө газрынхан хүсээгүй хүүхдээ төрүүлэх замыг ихэвчлэн сонгодог байна.

Охидын бэлгийн боловсролын төвшин харьцангуй дутмаг, охидын олонх нь анхны бэлгийн хавьтлаар жирэмсэлдэггүй гэсэн буруу ойлголттой явдаг нь Эрүүл мэндийн яамны 2017 оны өсвөр насны охидын дунд хийгдсэн судалгаанаас батлагджээ. Тэд хүссэн үедээ үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө авч чадахгүй байгаа нь буруу сонголт хийх нэг том шалтгаан болж байна. Хүсээгүй жирэмсэн болсон охидын хувьд эцэг эхтэйгээ бэлгийн зан байдлын талаар хэзээ ч ярилцаж байгаагүй, энэ нь “хаалттай сэдэв” байсан бөгөөд үнэн, худал мэдээллийг үе тэнгийнхэн, найз нөхдөөсөө ам дамжин сонсож байсан нь бэлгийн боловсрол хангалттай бус, мэргэжлийн зөвлөмж зөвлөгөө өгөх газрууд хомс байгааг бодит амьдралаас харж болно.

 
Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ