УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-08 21:57:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Мурат болон Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ.

Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг 100 хувь дэмжсэн бол Хууль зүйн байнгын хороо түдгэлзүүлэх үндэслэлгүй хэмээн үзсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжихгүй, Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжих шийдвэр гарсан юм.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, “УИХ-ын гишүүн бол ард түмний элч, Монголын төрийн хүн. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн. Ард түмний төлөөллөөр сонгогдсон хүнийг УИХ буюу төрийн дээд байгууллагаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж шалгах Үндсэн хуулийн заалт бий” гэв.

Энэ үеэр О.Баасанхүү, “Гишүүдийн бүрэн эрхийг хэдий хугацаагаар түдгэлзүүлж, шүүх хурлаар хэзээ шийдвэр гарах нь тодорхойгүй. Магадгүй энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл үргэлжилж болно. Ингэвэл 2020 онд энэ парламент ээлжит сонгуулийн хугацааг зарлах боломжгүй болно гэсэн үг” хэмээгээд Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой эсэхийг тодруулав.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, “Д.Мурат, Д.Гантулга нарын асуудлыг шүүхээр шийднэ. Ингэхдээ албадан саатуулах, цагдан хорих болон гэр орон, албан тасалгаанд нь нэгжлэг хийхээс бусад арга хэлбэрийг сонгох юм. Хэрэв гишүүд шүүх хурал болон хуулийн байгууллагын дуудсан хугацаанд ирэхгүй бол албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэр гаргана” гэсэн тайлбар өглөө.

УИХ-ын эмэгтэй гишүүд буюу Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, М.Билэгт, Н.Оюундарь нар дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэсэн санал хэлсэн юм. Мөн нийгмийн анхаарлын төвд ороод буй гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн хэргүүдийг зогсооход өнөөдрийн чуулганы танхимаас гарах шийдвэр тодорхой нөлөө үзүүлнэ гэдгийг дурьдаж байв.

Мөн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, О.Баасанхүү нар “Хуулийн дагуу бол гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэх ёстой. Гэхдээ өнөөдрийн энэ санал хураалтыг ердийнхөөр буюу ил тодоор явуулах хэрэгтэй” гэсэн. Холбогдох хууль, тогтоомжид уг асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ гэж заасан тул уг саналыг хүлээж авах боломжгүй гэдгийг  УИХ-ын дарга М.Энхболд тайлбарлав.

Нууц санал хураалтын тооллогын комисст Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, З.Нарантуяа, А.Ундраа, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажиллав. Ийнхүү санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 50.9-57.9 хувь Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлаггүй хэмээн үзсэнээр  өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ