МУИС болон Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-13 09:52:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, АДХ дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал, Төлөөлөгчдийн тэргүүн ноён Тэ Хён Чөл  БНАСАУ-ын АДХ-ын Байнгын хорооны ажилтан Хен Жөн Үни хамтаар энэ сарын 11-нд МУИС-д зочиллоо.

Төлөөлөгчдийг тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ноён Чо дагалдав.
Уулзалтын эхэнд захирал Я. Төмөрбаатар урт хугацааны найрсаг харилцаатай их сургуулийн захирал МУИС-д айлчилж хамтын ажиллагааны талаар санал солилцохоор ирсэнд нь талархал илэрхийлэв. Тэрбээр МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний талаар, судалгааны их сургууль болохын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, МУИС-ийн гадаад хамтын ажиллагааны талаар зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Ноён Тэ Хён Чөл цаашид хоёр сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талд идэвхтэй ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлээд ирэх 9 дүгээр сард Ким Ир Сений их сургуульд болох олон улсын эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн захирлыг урьж энэ үеэр цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцох боломжтойг дурдав. Захирал Я.Төмөрбаатар ноён Тэ Хён Чөлийн саналыг талархан хүлээж аваад тус арга хэмжээнд оролцохоо албан ёсоор мэдэгдэв. Тэрээр үргэлжлүүлэн Ким Ир Сений их сургуультай сэргээгдэх эрчим хүчний хамтарсан судалгаа хийх, шар шуурганы асуудлыг судлах, Солонгос судлал, солонгос хэл дэлгэрүүлэх болон нийгмийн ухааны чиглэлээр хамтран ажиллах, МУИС-д тогтвортой хөгжлийн асуудлаар болон Монголын шилжилтийн үеийн эдийн засаг, банкны өөрчлөлтийн талаарх хамтарсан зөвлөгөөн, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг салбар чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтойг дурдав.
Ноён Тэ Хён Чөл саналыг хүлээн сонсч БНАСАУ-ын боловсрол, шинжлэх ухааны салбар нь улсаа хөгжүүлэх тэргүүлэх салбар гэдгийг илэрхийлээд  МУИС-д хэрэгжиж буй судалгааны чиглэлүүдийн талаар болон судалгааны хүрээлэн, төв, лабораториудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.  Мөн тэрээр МУИС-ийн магистр, докторын сургалтын талаар болон сургалтын хөтөлбөрийн талаар сонирхсон асуултдаа хариулт авав.
Уулзалт илэн далангүй, ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалтай явагдаж ноён Тэ Хён Чөл болон захирал Я. Төмөрбаатар нар хоёр улсын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжил, өнөөгийн байдал, цаашдын зорилго, зорилтын талаар харилцан мэдээлэл солилцож хоёр сургууль сургалт төдийгүй байгал, нийгэм, хүмүүнлэгийн салбарт судалгааны чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ