Хэрлэн сумын таван донорыг "Чингис хотын хүндэт тэмдэг"-ээр шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-14 12:06:05

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр хариу нэхдэггүй буянтнуудаа хүндэтгэн, бахархдаг Дэлхийн донорын өдөр билээ. Энэ өдөр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат эрхэм хүндтэй таван донорыг "Чингис хотын хүндэт тэмдэг"-ээр шагналаа.

Тодруулбал, Хэрлэн сумын иргэн Б.Давааням, Д.Эрдэнэбаатар, С.Батмөнх, Ж.Энхчимэг, А.Алимаа нар өнөөдөр энгэрээ мялаасан юм.

"Дэлхийн цусны донорын өдөр"-т зориулан Хэнтий аймгийн төв талбай дээр эрдэнэт хүмүүний амь насыг аврагч их үйлсийн эзэд болсон хүндэт донорууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар банк, аймгийн Улаан загалмайн нийгэмлэг хамтран оролцож байгаа юм.

Хэнтий аймгийн хэмжээнд амь дэнсэлсэн бүхний амьдралыг тэтгэгч 800 гаруй донор байдгаас 265 нь байнга цусаа бэлэглэдэг байна. Мөн 35-аас дээш удаа цусаа бэлэглээд 100 гаруй хүний амь насыг аварсан Монгол Улсын хүндэт донор 58 байдаг аж. 

Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв нь он гарсаар нийт 82 донороос 32 литр цус цусан бүтээгдэхүүн цуглуулж, шаардлагатай тасаг нэгжүүдийг аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ