Зам тээврийн ослоор хотод нэг, хөдөөд гурван хүний амь нас хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-14 17:52:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн өчигдрийн мэдээгээр зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Хамгийн ноцтой нь, зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтсэн бол орон нутагт 3 хүний амь нас хохирчээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож, 4 хүнийг 7-30 хоногоор баривчлах шийтгэл ногдуулжээ. Бүртгэгдсэн осол, хэргийг үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх, шүргэлцсэн 9 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн зэрэг осол гарчээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Довын хайрхан гэх газар асфальтан замд  ЭсТиЭм маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 45 настай эрэгтэй Б-н амь насаа алдсаныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн Хөшигтийн хөндийн шинэ замд Тоёота Алион маркийн автомашины жолооч нь замын тусгаарлах голын шон мөргөж, улмаар 47 настай М-н амиа алдсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийг тээврийн хэрэгсэл жолоодохдоо анхаарал болгоомжтой байж, хурд хэтрүүлэлгүй зорчихыг анхааруулж байна.


Ж.Батсайхан 

 
Холбоотой мэдээ