"Хуульчдын форум" хоёр дахь жилдээ болох гэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Монголын Хуульчдын холбооноос хоёр дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” уриан дор энэ сарын 19-нд “Корпорейт конвеншн центр”-т зохион байгуулах гэж байна.
Монголын Хуульчдын холбооноос нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн хууль зүйн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлж, санал, зөвлөмж гаргах, хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх, хуульчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор “Хуульчдын форум”-ыг зохион байгуулдаг уламжлал тогтлоо. Энэ удаагийн форумын үндсэн хуралдааныг “Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага” гэсэн сэдвээр явуулах бөгөөд “Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс”, “Хуульчийн ёс зүй ба хариуцлага”, “Хүний эрх ба цахим ертөнц”, “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал”, “Үндэстэн дамнасан хууль зүйн туслалцаа”, “Чанартай хууль зүйн боловсрол: магадлан итгэмжлэл ба үргэлжилсэн сургалт”, “Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил”, “Хариуцлагатай уул уурхай - Нөхөн сэргээх асуудал” гэсэн найман салбар хуралдааныг зохион байгуулна. “Хуульчдын Форум-2018”-ын хүндэт зочноор Гадаад явдлын сайд асан Ц.Гомбосүрэн уригдан оролцож эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан болон форумын оролцогчидтой сонирхолтой ярилцлага өрнүүлнэ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт нарын 40 гаруй хуульч, эрдэмтэд энэ форумд илтгэл, хэлэлцүүлнэ. Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөлөл болсон 400 орчим хуульч оролцоно гэж МХХ-оос мэдээллээ. Форумын үеэр шинэ гарсан болон сонирхолтой номын худалдаа, иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгнө.
Ж.Батсайхан