Сумын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан төсөл санхүүжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-18 19:26:42
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг  ашиглаж эхэлсэн найман жилийн хугацаанд нийт 134 иргэн, аж ахуй нэгжид 517.0 сая төгрөг олгож, 179 байнгын ажлын байр бий болгосон байна. Ахуйн үйлчилгээ, газар тариалан, үйлчилгээний чиглэлээр нийт зээлийн 55,5 хувь буюу 287,2 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
-2017 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан тэргүүлэх чиглэл, сумын бодлого хөтөлбөртэй уялдуулан сум хөгжүүлэх сангаас 49,5 сая төгрөгийн зээлийг олгосон. Манай сумын нутаг дэвсгэр дээгүүр хот хоорондын зам дайран өнгөрдөг учир замын үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг дэмжин зоогийн газар, авто засварын чиглэлийн төслийг дэмжсэн. Мөн орон нутагт байнгын үйл ажиллагаа явуулж ажлын байр нэмэгдүүлэх боломжтой арьс шир боловсруулах, талх нарийн боов үйлдвэрлэх, оёдол хийх төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүллээ гэж сумын Засаг дарга П.Итгэлбаяр мэдээллээ.
Сүүлийн жилд сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 3 иргэний бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, 5 иргэний шинээр бий болгох үйлдвэрлэл үйлчилгээг дэмжин 20 байнгын ажлын байр, 4 түр ажлын байр бий болж 12 өрхийн амьжиргаа дээшлэх боломжтой болжээ.
М.Батжаргал

Холбоотой мэдээ