Сурагчид зуныхаа амралтаар англи хэл сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-19 19:30:19
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СГЗ, Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит аймгийн Нийтийн номын сан нь сурагчдын зуны амралтанд зориулж англи хэлний анхан, дунд шатны үнэ төлбөргүй сургалтыг эхлүүлжээ. Хичээлийг Энх тайвны корпусын мэргэжилтэн Кристиан Эдэнфиелд /Christian Edenfield/ удирдан явуулж байна.

“Сурагчдын зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор бид энх тайвны корпусын мэргэжилтэнтэй хамтран энэхүү сургалтаа эхлүүлээд байна. Хүүхдүүд маш идэвхтэй байгаа. Одоогоор 80 гаруй хүүхэд хамрагдаад байна. Цаашид нэмж бүртгүүлье гэсэн хүүхдүүд их байна. Тэгэхээр эндээс хүүхдүүд маань амралтаа үр дүнтэй өнгөрөөхийг маш их эрмэлздэг болсон нь харагдаж байгаа юм. Уг нь доод тал нь нэг сараар үргэлжлүүлье гэсэн боловч гадаад мэргэжилтэн маань 14 хоногийн дараа нутаг буцах юм. Тэгэхээр өөр багшаар үргэлжлүүлэх үү, эсвэл өөр төрлийн сургалт явуулах уу гэдгээ одоогоор тогтоогүй байна. Ер нь номын сангийн зүгээс сурагчдын зуны амралтын хугацаанд юу хийвэл илүү сонирхолтой, үр дүнтэй байх вэ гэдгийг судалж байна.” хэмээн Нийтийн номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзий хэллээ.

Харин сургалтанд хамрагдаж буй хүүхдүүдийн хувьд сэтгэгдэл өндөр байгаагаа ярьцгааж байлаа. Дүрэм болон ярианы хичээл нь дандаа дадлага хэлбэрээр явагдаж байгаа учир маш сонирхолтой, хөгжилтэй бас ойлгоход хялбар байгааг хэлсэн юм. 

Сургалт 1-3, 4-5, 6-7, найм ба түүнээс дээш ангийн сурагчид гэсэн ангиллаар явагдаж байна.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ