"Орон нутгийн зам, Хөдөлгөөний соёл - 2018" аян нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-06-21 00:20:09
Дархан-Уул/МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газар, Замын Цагдаагийн албанаас зам, тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2018” аяныг эхлүүллээ. Аянд Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв хамтран оролцож байна.

Нээлтийн арга хэмжээг өнөөдөр буюу 20-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг хийж байна. Дархан-Уул аймгийн тухайд авто тээврийн төв дээр зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хамтарсан өдөрлөг зохион байгуулж нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Тус аян нь өнөөдрөөс эхэлж 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх аж. “Сүүлийн 3 жилийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын 5300 гаруй хэрэг бүртгэгдсэн. Үүнээс нас барсан, гэмтсэн тохиолдлын 70 гаруй хувь нь орон нутгийн замд гарчээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд төдийгүй олон улсын зэрэглэлтэй гэх автозамын эвдрэл гэмтлээс шалтгаалан сүүлийн жилүүдэд осол, аваар гарах нь нэмэгдсэн. Хамгийн их гарч иргэн болон техникийн хэрэгсэлд хохирол учруулж байгаа нь замын эвдрэлээс шалтгаалсан дугуй хагарах, эсрэг ургалд орж шүргэх, мөргөлдөх тохиолдлууд одоо ч гарсаар байгаа аж. Иймд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяныг эхлүүлэхээр болжээ. Уг арга хэмжээний хүрээнд орон нутагт гарч буй зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх зорилгоор тус аяныг хэрэгжүүлж байгаа юм.

Хамгийн гол нь замын хөдөлгөөний соёл гэдэг нь жолооч бүрт хамааралтай гэдгийг ойлгуулах, цаашлаад ганцхан удаагийн буруу үйлдлээс болж ямар хохирол учирдагийг аяны явцад тайлбарлан таниулах тараах материал, зурагт самбар, сэрэмжлүүлэг цуврал дүрс бичлэгийг хүргэхээр төлөвлөжээ.

Л.Отгонбаатар
 
 

Холбоотой мэдээ