Алтай, түрэг, монгол судлалын холбоо байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-22 14:36:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, тус хүрээлэнгийн археологич, доктор А.Энхтөр тэргүүтэй төлөөлөгчид Астана хотноо болсон Хүмүүнлэгийн ухааны олон улсын гуравдугаар форумд оролцлоо.

Олон улсын Түрэг академи /TWESCO/ -иас гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг форумд Азербайжан, Герман, Киргизстан, Молдав, Монгол, Узбекстан, Польш, ОХУ, Тажикстан, Турк зэрэг улсаас 250 гаруй эрдэмтэн судлаач, шинжээч оролцсон юм.
Энэхүү чуулганы үеэр  Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга Гулшара Абдикалыкова Монгол Улсын ШУА ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг хүлээн авч уулзав.  
Мөн хурлын үеэр олон улсын Түрэг академийн дэргэд Алтай, түрэг, монгол судлалын холбоог байгуулах тухай шийдвэрт  Олон улсын Түрэг академи, Монгол Улсын ШУА, ОХУ-ын ШУА, Турк улсын хэлний нийгэмлэгийн удирдлагууд  гарын үсэг зурлаа. Тус  холбоо нь алтай, түрэг, монгол судлалтай холбоотой олон улсын чуулган, их, бага хурал, семинар, үзэсгэлэн, ном хэвлэлийн нээлт, танилцуулга, хамтарсан экспедици зохион байгуулах, түүхэн үйл явдлуудыг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг хамтын үйл ажиллагааг зохицуулах, дэмжих үүрэгтэй. Үүнээс гадна  «Алтай судлал, түрэг судлал, монгол судлал» сэтгүүлийг, мэдээлэл солилцооны интернэт порталыг тогтмол нээн ажиллуулах аж.
Түүнчлэн олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдырали ба Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нар хамтын үйл ажиллагааны тухай санамж бичгийг үзэглэв. Санамж бичгийн үр дүнд цаашид Олон Улсын Түрэг академийн дэргэд Монгол судлалын төв нээх эрх зүйн үндэс бүрдэж байна.
Чуулганы үеэр Олон улсын Түрэг судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж  Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг Олон Улсын Түрэг академийн алтан медалиар, Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууныг В.Томсений нэрэмжит медалиар тус тус шагнасан байна.

Холбоотой мэдээ