Төр захиргаадалтын аргаар тэтгэврийн зээлийн нөхцлийг өөрчлөх эрхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-04 17:04:52

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийв. 

Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд, "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, нэг худалдан авагчийн тогтолцоонд аажмаар шилжих, нийгмийн даатгалын тогтолцооны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх салбарын голлох хуулиудыг батлуулсан" гэдгээ онцлов.

Мөн 1990-2000 онд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан иргэдийн хөдөлмөр эрхлээгүй хугацааг ажилласнаар бүртгүүлснээр улсын хэмжээнд нийт 580.0 орчим мянган иргэдийн ажилласан хугацааг 5-11 жилээр нөхөн тооцсон. Эдгээр иргэдийн 49 хувь нь эрэгтэй, 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 68.1 хувь нь 31-50 насны иргэд байсан. Засгийн газар 2012, 2014, 2015 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, тэтгэврийн доод хэмжээг 140.3 мянгаас 230.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 105.2 мянгаас 195.0 мянган төгрөг болгож, дундаж тэтгэврийн хэмжээ 162.0-283.0 мянган төгрөгт хүрч, нийтдээ 63.9-85.3 хувиар нэмэгдүүлсэн" гэв .

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас улсын байцаагчийн тогтоосон актаар тавигдсан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй болон нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өртэй 110 аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох 8.3 тэрбум төгрөгийн шимтгэлийн өрийг шүүхийн байгууллагад шилжүүлж, шийдвэр гаргуулснаас 1.4 тэрбум төгрөгийг барагдуулсан байна. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн дотоодын хяналт шалгалтын энэ оны 3 дугаар улирлын тайлангийн дүнгээс авч үзвэл нийгмийн даатгалын байгууллагууд нь нийт хуримтлагдсан 4.7 тэрбум төгрөг, түүний дотор энэ онд 3.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсний 3.6 тэрбум төгрөгийг буюу 77 хувийг нь барагдуулсан аж.

Тэтгэвэр олголтын нэгдсэн хяналтын хүрээнд нас барсан нийт 148 тэтгэвэр авагчтай холбоотой 164.9 сая төгрөгийн зөрчлийг илрүүлсэн. Илэрсэн зөрчлийн бүртгэлийн алдаа, банкны илүү суутгагдсан тэтгэвэр, ар гэрийн итгэмжлэлээр авсан зэрэг 142.0 сая төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлжээ. Харин өнгөрсөн сарын нэгний өдрийн байдлаар 3 иргэнтэй холбоотой 22.9 сая төгрөгийн зөрчил, төлбөртэй холбоотой асуудлыг шүүхэд шилжүүлсэн байна.

Одоогийн байдлаар нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэврээ барьцаалан арилжааны банкнаас зээл авсан байна. Тэтгэвэр барьцаалсан зээлийн сарын хүү арилжааны банкуудад ижил 1.5 хувь байгаа бөгөөд 12-24 сарын хугацаатай зээлийг тэтгэвэр авагчдад олгож байгаа юм байна.  Банкны тухай хуульд банкны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцлийн дагуу зээл олгох, зээлийн хүүг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасан байдаг. Иймээс энэ харилцаанд төрийн байгууллага оролцон захиргаадалтын аргаар зээлийн нөхцлийг өөрчлөх эрхгүй гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулсан УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулсан юм. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар гишүүдийн асуултад хариулт өгснөөр Ерөнхий сайдын мэдээллийн цаг өндөрлөв.

Б.Туул

Холбоотой мэдээ