Э.Идэрцог: 60 тэрбумын хэрэг нотлогдоогүй тул Прокурорын шийдвэрээр хаасан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-26 15:40:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн Б.Оюун-Эрдэнийн "Төрийн албыг наймаалцаж 60 тэрбум босгосон" гэх асуудлыг дахин сөхөж ярьж буйтай холбогдуулан тухайн асуудлыг шалгасан АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Идэрцогоос тодруулга авлаа.   Тэрбээр "Төрийн албыг  наймаацаж 60 тэрбум босгох тухай" гэсэн утгатай өргөдөл гомдол ирээд тухайн үеийн хуулиар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлээд, дараа нь гомдлын дагуу татгалзсан материал дээр Прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж улмаар тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийн тушаал гарч хэргийг мөрдөн шалгасан. Энэ асуудалд прокурорын хүчин төгөлдөр шийдвэр гарсан болохоор таны асуултад товч хариулъя. Гурван байгууллагын мөрдөгчид өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу ажлаа хуваарилж шалгасан. Тухайлбал, бүх шатны сонгуулийг будилантуулах, хар машиныг гадаад улсаас авчирсан, хакердсан зэрэг асуудлыг тагнуулын байгууллага шалгасан. Шинжилгээний байгууллагатай холбоотой асуудал, мөн сум дүүргийн сонгуультай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгадаг. Төрийн албан тушаалтанд тодорхой хэмжээний хээл хахууль өгөөд төрийн албанд томилогдсон бол энэ асуудлыг АТГ шалгана. Гэх мэт чиг үүргийн дагуу 3  байгууллагаас ажлын хэсэг гарч асуудлыг дахин нарийвчлан нэг бүрчлэн шалгасан. Мөрдөн шалгах ажиллагаагаар цугласан нотлох баримтаар хэргийг нотлох баримт гэж үздэг нэр бүхий хүмүүсээс гаргаж ирсэн бичлэгийн асуудал байдаг. Хоёр ба дөрвөн минутаас эхлээд 90 минут, сүүлдээ 162 минут хүртэл ар араасаа янз бүрийн хугацаатай бичлэгүүд гарч ирснийг та бүхэн мэдэж байгаа. Эдгээр бичлэгүүдэд фото зураг оруулаад доогуур нь слайд хэлбэрээр оруулсан үг өгүүлбэрийг шинжилж эвлүүлэг байна гэсэн дүгнэлт гаргасныг та бүхэн бас мэдэж байгаа. Бичлэг хийсэн тоног төхөөрөмж, эх хувиа авчрах, эх хувиа байлгах шаардлага тавьсан. Бичлэгийн тоног төхөөрөмжийн эх хувь, бичлэгийн эх хувь нь ч олдоогүй. Хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж бэхжүүлэн авсан, цуглуулсан нотлох баримт нь нотлох баримтын чанараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй. Үүний дагуу нотлох баримтын асуудал хуульд заасан шаардлагыг хангахгүй байна, шинжилгээний тухай хууль тогтоомжоор шинжилгээний объект нь эх хувь байна гэдэг хуулийн шаардлагыг хангах боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой хэмжээний хээл хахууль өгч албан тушаалд томилогдсон гэсэн асуудал тогтоогдоогүй. Энэ бүх дүгнэлтийг үндэслээд Прокурор шийдвэрээ гаргасан. Түүнээс огт ийм яриа болоогүй гэж үзэн асуудлыг шийдвэрлээгүй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд нэлээд дэлгэрэнгүй, бүх асуудлыг дурдаж хариу өгсөн" гэлээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ