"Бээжин парад" үзсэн тэмдэглэл

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2015-09-09 12:50:12

Энэ онд Дэлхийн 2 дугаар дайн дууссаны 70 жилийн ойг хүн төрөлхтөн нийт даяараа өргөн тэмдэглэж байна. Энэ хүрээнд Ялалтын баярыг тэмдэглэх хамгийн сүүлчийн ёслолын ажиллагаа 9 дүгээр сарын 3-ны өдөр Хятад улсын нийслэл Бээжин хотноо сүр дуулиантай болж өнгөрлөө.


Бээжингийн парадыг үзэж сонирхохоор дэлхийн 30 орчим орны төр, засгийн тэргүүн нар, тэдний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүнчлэн 50 гаруй орныг төлөөлөл болох хүндэт зочид Бээжинд хуран цуглажээ.


Энэ удаагийн баяр ёслолыг “Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны болон фашизмыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ой” хэмээн албан ёсоор нэрийдсэн байна. Харин манай Монголд ялалтын энэ баяр бол “Чөлөөлөх дайны ялалтын ой” юм. Оросуудын хувьд “День Победы”-д зориулсан цэргийн парадаа 5 дугаар сард тун сүр дуулиантай хийж, дэлхий дахиныг шуугиулж байсан билээ. Харин Европт Ялалтын баярыг 5 дугаар сарын 8-нд тэмдэглэдэг аж. Энэ өдөр фашистын Герман үг дуугүй бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ үед цагийн зөрүүнээс үүдэн ЗХУ-д 9-ний өдөр болчихсон байжээ.


Бээжинд болсон энэ удаагийн цэргийн сүрт жагсаал нь Ши Зиньпин Хятад Улсын даргаар сонгогдсоноос хойш анх удаа болж байгаа ийм төрлийн арга хэмжээ  юм. Түүнээс гадна, Ялалтын баярыг хятадууд Төв талбайдаа анх удаа тэмдэглэсэн гэдгээрээ онцлогтой. Урьд нь Дэлхийн 2 дугаар дайн дуусгавар болсон үйл явдлыг Хятадад тэмдэглэн өнгөрүүлдэг байсан хэдий ч энэ удаагийнх шиг ингэж нижгэр зохион байгуулж байсан нь үгүй.


Ер нь бол, цэргийн парадыг 10 дугаар сарын 1-ний өдөр буюу БНХАУ байгуулагдсаны тэгш ой тохиосон жилд, өөрөөр хэлбэл 10 жил тутамд Тяньанмэний талбайд зохион байгуулж байх тухай шийдвэрийг 1960 онд гаргасан байна. Үүний дагуу, хамгийн сүүлд 2009 онд БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн баярын үеэр цэргийн сүрт жагсаалыг зохион байгуулжээ.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан Ялалтын баярыг сурвалжлахаар Бээжинд очсон МОНЦАМЭ агентлаг, “Өдрийн сонин”, News.mn цахим хуудас, “АИСТ” телевиз, HD Mongolia телевизийн сэтгүүлчид цэргийн сүрт жагсаалыг тус хот дахь Олон улсын мэдээллийн төвд байрлуулсан асар том дэлгэцээр үзэж сонирхлоо.


Яг үнэндээ бол, парадыг дэлхий даяар шууд үзүүлсэн учраас сэтгүүлч бидний хувьд бусдаас илүү мэдээлэлтэй байсан гэх нь эргэлзээтэй.  Хэрвээ Монголд байхдаа интернэтийн мэдээлэл ашиглан парадын тухай урьдчилаад мэдээ бэлтгэсэн бол парадыг үзэнгээ зарим тоо баримтыг бага сага өөрчилснөөр цаг алдахгүйгээр шуурхай мэдээлэл хүргэж, нэлээд “дөхүүлж буудах байж дээ” гэх бодол төрлөө.


Цэргийн парад нь Хятадын армийн өсөн нэмэгдэж буй сүр хүчийг үзүүлсэн үйл явдал болсныг хүн бүхэн үзэж харсан учраас энэ талаар нуршилгүй товч өгүүлье. Тэгэхээр дэлхийн улс орнуудын цэргийн мэргэжилтнүүдийн анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл юу байв аа? Юуны түрүүнд, парадад оролцсон 500 нэгж зэвсэг техник, 200 нисэх онгоцны 84 хувийг цоо шинээр зохион бүтээснийг дурдах нь зүйтэй.


Түүнээс гадна, Бээжингийн цэргийн парадыг Оросын Преображенскийн цэргийн хорооны хүндэт харуулын 85 цэрэг түгжиж, жагсаал өндөрлөсөн. Энэ нь даян дэлхийд энх тайван тогтооход ЗХУ-ын оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрч буйн илрэл боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байв.


Бээжинд болсон цэргийн жагсаалын дараа барууны хэвлэлүүдэд нэлээд сүртэй гарчиг бүхий шинжээчдийн дүгнэлтүүд нийтлэгдэж байна. Тухайлбал, “Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны эрлэг болох Хятадын пуужин АНУ-ыг онилжээ”, “Хятадын флот Аляскийг онилов”, “Хятадууд шинэ зэвсэгтэй болсноор Ази-Номхон далайд бий болсон хүчний тэнцвэр өөрчлөгдөнө”, “Америкийн тэнгисийн цэргийн хүчин мөргөлдөөн дэгдэж болзошгүй бүс нутагт нэвтэрч чадахааргүй болжээ” гэх мэт. 


Энэ бүхэн нь парадын үеэр үзүүлсэн “Дунфэн-21D” /орчуулваас “Дорнын салхи” гэсэн утгатай/ гэдэг шинэ загварын баллистик пуужингийн талаар бичиж буй хэрэг. Уг пуужин нь нисэх онгоц тээгч хөлөг онгоцны хамгаалалтыг сэтлэн давж чадах дэлхий дээрх цорын ганц баллистик пуужин ажээ. Тив алгасагч пуужин болох “Дунфэн” нь сансрын тойрог замд гарсныхаа дараа буцаад дэлхийн агаар мандалд нэвтрэх бөгөөд байнд ойртох үедээ дууны хурдаас 10 дахин илүү хурдтайгаар маневр хийх чадвартай гэдгийг цэргийн шинжээчид онцлон дурдаж байна. “Дунфэн -21D” загварын 1200 ширхэг пуужингийн өртөг нь АНУ-ын нисэх онгоц тээгч нэг хөлөг онгоцны өртөгтэй тэнцдэг гэх мэт тооцоог хүртэл хэвлэлүүд хийгээд амжсан байна.   


Харин парадын үеэр үг хэлсэн Хятадын удирдагч Ши Жиньпин зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүний тоог 300 мянган хүнээр хорогдуулах тухайгаа зарлаад  “манай улс энх тайванд тэмүүлж, энэ замаар хэлбэрэлтгүй замнана” гэж мэдэгдлээ.


Хятадын удирдагчдын хувьд парадын үеэр цэргийнхээ тоог хорогдуулах тухайгаа зарлах нь дуулиан тарихаар ховор үйл явдал биш гэнэ. Тодорхой хэлбэл, 1984 оны парадын дараа Хятад улс зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүний тоог 1 сая хүнээр бууруулж байсан бол Зянь Зимин-ий үед 500 мянгаар, Ху Жинтао-гийн үед 200 мянгаар тус тус хорогдуулж байжээ.


Бохирдолгүй, түгжрэлгүй Бээжин хот


Баяр ёслолын үеэр агаарын бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний түгжрэлийг арилгах зорилгоор 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд автомашинуудыг дугаарын тэгш, сондгойгоор нь цагийн хязгаартайгаар хөдөлгөөнд оролцуулах болов. Төрийн байгууллагуудын хэрэгцээнд ашиглаж буй автомашинуудын 80 хувийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.  Харин цахилгаанаар ажилладаг автомашинд уг хязгаарлалт хамаарахгүй. 


Үүний сацуу 3-5-ны өдрүүдийг амралтын өдөр болгожээ. Бээжингийн дунд сургуулиудын хичээл 7-ны өдөр эхэлсэн байна. Хөрөнгийн биржүүд дөрвөн хоногийн турш ажилласангүй.


Агаарын бохирдлыг арилгахын тулд  нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд, 10 мянга гаруй үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, 9 мянга гаруй цэгт явагдаж буй барилгын ажлыг зогсоосон байна. Мөн барилгын талбай, үйлдвэрийн газруудад тоос шороо ялгаруулж буй эсэхийг хянахын тулд тухайн объектуудад  3 мянга гаруй хяналтын камер зоожээ. Бээжинтэй хаяа дэрлэн орших Тяньжин хот, Хэбэй, Шаньси, Шандун мужууд болон ӨвөрМонголын Өөртөө засах оронд ч мөн адил ийм арга хэмжээ авсан байна. Агаарын бохирдлын эсрэг эдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд аж ахуйн нэгжүүдийн тендерт оролцох эрхийг нь 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх аж. Гэх мэтчилэн хатуу чанд арга хэмжээнүүд авсны үр дүнд парадын өмнө Бээжингийн тэнгэр номин цэнхэр болжээ. 


Урьд өмнө нь очиж байхдаа есдүгээр сарын Бээжингийн тэнгэр ийм цэлмэг байхыг огт хараагүй гэж гаднаас ирсэн хүн бүхэн гайхширч байлаа. Харьцуулваас, зун, намар цагийн Улаанбаатарын хөх тэнгэртэй зүйрлэж болохоор цэлмэг агаарыг бий болгож чадсан байна. 


Албаны хүмүүсийн ярих нь, 2014 оны 11 дүгээр сард болсон АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр ийм хэмжээний “нүсэр цэвэрлэгээ” хийж, Бээжингийн эргэн тойронд  200 км-ийн радиус дотор ажилладаг олон зуун үйлдвэрийг зогсоож байсан гэнэ.  


Их ёслолын үеэрх “эзэнгүй” хот


Бээжин хотод баярын уур амьсгал орж, гоёл чимэглэлээ зүүсэн хэдий ч гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан мэт сэтгэгдэл төрнө. Хотын төв хэсэг жинхэнэ утгаараа “Хориотой хот” болон хувирчээ. 18 сая хүн амтай дэлхийн хамгийн том хотуудын нэг нь эзэнгүй, эл хуль болсныг үзсэн хэн хүний гайхшрал эрхгүй төрнө


Их баярын өмнө аюулгүй байдлыг хангах арга хэмжээг байж болох, төсөөлж болох хамгийн өндөр түвшинд авч хэрэгжүүлсэн гэдгийг онцлон дурдах нь зүйтэй.


Цэргийн парад болох газар руу нэвтэрч болох бүхий л зам, гудамж талбайг хаасан байлаа. Бид 2-ны өдрийн үдээс хойш Бээжинд ирэх үед хотын төв гудамжууд эл хуль, гадаадын компаниуд, банкны оффисууд бүгд хаалттай, дэлгүүр, ресторан, валют солих цэгүүд, метроны зарим станц үүдээ барьсан байлаа. Нийтийн тээврийн тухайд манайд явж эхэлсэн цөөн тооны залгаа автобусууд, мөн таксинууд үзэгдэнэ.


2-ны оройн 21 цаг гэхэд гудамж талбай огт хөл хөдөлгөөнгүй эл хуль болж, арми, цагдаа, дотоодын цэргийн албан хаагчид салаа салаагаараа жагсаалаар явж эхэлснээр мандат зүүсэн мань мэтээс өөр хүмүүс огт үзэгдэхгүй болов. Аюулгүй байдлыг хангахад туслахаар 850 мянган иргэд сайн дураараа ажилласан байна. Гартаа улаан даавуу зүүсэн ахимаг насны хүмүүс хаяа тааралдах нь тэд бололтой.


Сэтгүүлчид, гэрэл зурагчид, зураглаачид болон зочдыг үүрийн 3 цагаас эхлэн /парад болохоос 7 цагийн өмнө/ Тяньанмэний талбайд нэвтрүүлж эхэллээ.    


Газар сайгүй интернэт хэрэглээнд хязгаарлалт тавьсан тул зочид буудлын өрөөнд сүлжээ ашиглах ямар ч боломжгүй. Хятадад фейсбүүк, твиттер, ю-түб зэрэг нийгмийн сүлжээнүүдийг хориглодог бол харин Бээжингийн олон улсын мэдээллийн төвд интернэт сүлжээ ямар ч саадгүй ажиллаж байв.


Парад өндөрлөсний дараа өдөр буюу бямба гарагт үдийн хоолны цаг эхлэх үед л сая нэг метроны станцууд, хотын үзвэр үйлчилгээний газрууд үүд хаалгаа нээж, хот аажмаар хэвийн амьдралдаа эргэн орлоо.                                                                        


Парад тойрсон сонин хачнаас


Хятадад Төрийн тэргүүн нь парадыг хүлээн авдаг байна. Ши Жиньпиний унасан автомашин парадад оролцогч анги салбаруудын өмнө огт зогсохгүй, тэр ч байтугай огт тоормозлохгүй явж байгаа нь бусад орнуудад болдог парадын үйл явцаас ялгаатай аж.


Хятадын цэргийн шинэ зэвсэг техникийн талаар гайхан шагшихын сацуу өвөрмөц дээд амжилт тогтоосон нэгэн цэргийн албан хаагчийн тухай дэлхийн хэвлэлүүд ихэд шуугицгааж байна. Тодруулбал, жагсаалд зогсож буй цэрэг хүн нүдээ цавчилж болохгүй гэсэн дүрэм Хятадад бий гэнэ.  Дээрх цэрэг 57 минутын турш нүдээ огт цавчаагүй тухай сэтгүүлчид гайхшран ярьцгаана.


Өөр нэгэн сонирхол татсан зүйл нь гэвэл, хятад эмэгтэйчүүд анх удаагаа сөнөөгч нисэх онгоц жолоодон парадад оролцсон тухай шуугиж байна. Залуу бүсгүйчүүд J-10 хэмээх хамгийн сүүлийн загварын онгоцны жолоог залуурдан Тяньанмэний талбай дээгүүр нисч өнгөрчээ. Хятад эмэгтэйчүүдийн хувьд урьд өмнө нь зөвхөн цэргийн тээврийн нисэх онгоц жолоодож байсан гэнэ.   


Парадын өмнө шувуудтай холбоотой нэгэн асуудал үүсчээ. Тодруулваас, жигүүртэн амьтад онгоцны хөдөлгүүрт сорогдон орох аваас парадын ажиллагаа тасалдах эрсдэл бий. Иймээс тусгайлан бэлтгэж сургасан сармагчингуудыг мод өөд авируулан, нисэх хүчний баазуудын ойролцоох шувуудын үүрийг сандаачин эвдлүүлсэн гэнэ.


Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд