“Цаг хугацааны машин” үзэсгэлэн нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2018-07-02 16:25:24

/Улаанбаатар МОНЦАМЭ/ Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайханы "Time machine" буюу "Цаг хугацааны машин" үзэсгэлэн Зайсан дахь Белла Виста хотхоны “Q Art” галерейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй шинэ бүтээл багтсан байна.  

Эх орныхоо дүрслэх урлагийн нэр хүндийг дэлхийд гаргаж яваа түүний үзэсгэлэн өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагаар аялуулах ажээ.

Тэрбээр  2001 онд Германы элчин сайдын яаманд, 2002 онд Монголын Урчуудын Эвлэлийн хороонд хамтарсан үзэсгэлэн, 2016 онд “Маршал арт” галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв. Түүнчлэн гадаадын 20 гаруй улсад бүтээлээ толилуулсан билээ.

Өнгөрсөн дурсамж дотор аж төрөх эсвэл алсарч одсон болон одоо цаг үе хоорондын зөрчил дунд амьдарч байх шиг мэдрэмж үзэсгэлэнд тавигдах зургуудаа сонгох үе өөрт нь төрөх шиг болсон учир “Цаг хугацааны машин” хэмээх нэр оноосон гэдгээ зураач тайлбарлаж байв.



Өнөөгийн даяаршсан нийгмийн их үерт үйж, урсахаар хамгаалах цорын ганц зүйл бол монгол гэсэн хэв маяг. Үүнийг С.Заяасайхан зураач сайн мэддэг. Дээр монгол ахуйг сюреализмаар чимэглэх арга барил нь дэлхийд танигдах нэг зам болсон юм. Монгол зураачдын хамгийн гол онцлог нь жаазнаас гадуур орших сэтгэлгээ юм. Энэ нь ямар нэгэн логик, дэс дараалал, юмсын хэлбэрт үл баригдах эрх чөлөөт задгай сэтгэлгээг эрхэмлэх явдал билээ. Тиймдээ ч “Цаг хугацааны машин” үзэсгэлэнгийн зургууд огт жаазгүй гэдгээрээ онцлогтой юм.

Э.Энхсаруул
 
 

Холбоотой мэдээ