11 орны 30 залуу судлаач монгол ахуйтай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-07-23 17:54:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ.

Зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Япон, ХБНГУ, Унгар, Лаос, БНАСУ, БНСУ, Турк зэрэг 11 орны 16 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутан оролцох юм.  
Зуны сургуулийг ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулах, хэл соёлын амьд харилцаан дунд сургалт зохион байгуулдаг. Монгол судлаачид Монгол Улс ба монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг дэлхий нийтэд түгээж, манай улсыг бусад улс оронтой холбох чухал гүүр болдог юм. Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар хэлэхдээ, “Зуны сургалтад өмнө нь цөөн орны судлаач оролцдог байсан бол сүүлийн дөрвөн жилүүдэд зохион байгуулалтыг өөрчилснөөр нэр хүнд нь өссөн. Энэ хүрээнд сургалтын долоо хоногийг хөдөө, монгол ахуйд зохион байгуулах болсон. Өөрчлөлт үр дүнгээ өгч 2015 оноос эхлэн залуу монгол судлаачдын зуны сургалтад хамрагдахыг хүсэгчдийн тоо эрс өссөн” гэв.

Залуу монгол судлаачдын нэг Б.Цэцэнданжин, “Бээжингийн төвийн үндэсний их сургуульд доктрантурын нэгдүгээр дамжаанд суралцдаг. Миний судалгааны чиглэл уйгаржин монгол бичгийн сурвалж бичиг. Бага байхдаа Монголын талаар зурагтаар мэдээлэл авч, номоос уншиж байсан. Өөрөөр хэлбэл, Монголын талаар бүр багаасаа сонирхох болсон. Харин Монгол бичиг судлах болоод дөрвөн жил болж байна. Зуны сургуульд суухаар Монголд анх удаа ирлээ. Монголын хөдөөд очиж, монгол соёлтой танилцах гэж байгаадаа байртай байна” гэв.

Ирэх сарын 04-нийг хүртэл үргэлжлэх зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн орчинд зохион байгуулна. Залуу судлаачид малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэхээс гадна Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, СУИС, МУБИС зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төвийн нэрт монгол судлаач эрдэмтдийн лекцийг сонсох юм.

Дашрамд мэдээлэхэд,  2015 оноос хойш энэхүү зуны сургалтад 18 орны 30-аад сургуулийн 90 орчим залуус хамрагджээ.
Ж.Болор
Холбоотой мэдээ