Умард Солонгос пуужин хөөргөх талбараа буулгаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-24 09:50:35
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /ВВС/. Умард Солонгос нутгийнхаа баруун хойд хэсэгт орших пуужин хөөргөх гол талбарынхаа зарим хэсгийг буулгаж эхэлсэн байна.

АНУ-д төвтэй ажиглалтын баг Сохае станцын хиймэл дагуулын зургийг үзэж, Умард Солонгос өнгөрсөн сард АНУ-д амласан амлалтаа биелүүлж байна гэж мэдэгджээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хөдөлгүүр турших талбараа устгана, гэхдээ яг алийг нь гэдгийг тодорхой хэлээгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байсан билээ.

Умард Солонгос Сохае станцыг хиймэл дагуул хөөргөх талбар болгон ашигладаг байсан боловч АНУ-ын албаны хүмүүс уг станцыг баллистик пуужин хөөргөх талбар хэмээн үзэж байжээ.

Өнгөрсөн сард АНУ болон Умард Солонгосын төрийн тэргүүн нар Сингапурт түүхэн уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд хамтран ажиллана гэж тохиролцсон билээ. Гэвч уг гэрээ нь яг хэзээ, хэрхэн хэрэгжиж эхлэх талаар нарийвчилсан мэдээлэл хомс байна гэж олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ