Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд 370,5 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-24 20:48:26
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн орон нутгийн төсвөөс мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 370,5 сая төгрөгийг олгож, найман төрлийн вакцин татан аваад байна. 

“Засгийн газрын тогтоолын дагуу тавдугаар сараас эхлэн мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулга, угаалгын ажил тогтсон хуваарийн дагуу хийж байна” хэмээн тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэв. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 860,3 мянган мал хамрагдахаас одоогоор 450,0 мянган толгой мал хамруулаад байгаа ажээ.
УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн хүрээнд жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан юм. 

Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ