Ангараг гараг дээр ус байх магадлалтай болохыг нотлох ул мөр илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-07-26 11:23:01
ВАШИНГТОН. /Эн-Эйч-Кэй/. Итали улсын эрдэмтэн судлаачид Ангараг гараг дээр ус байх магадлалтай болохыг нотлох ул мөр илрүүлсэн тухай АНУ-ын “Шинжлэх ухаан” сэтгүүлд өнгөрсөн лхагва гарагт мэдээлжээ.

Италийн Астрофизикийн үндэсний хүрээлэн болон эрдэм шинжилгээний бусад төвийн эрдэмтэд ийм нээлт хийсэн аж. Эрдэмтдийн баг Европын сансрын агентлагийн Ангараг гарагийн тойрог замд оруулсан сансрын аппаратын илгээсэн мэдээллүүдийг шинжлэн судалснаар Ангараг гарагийн өмнөд туйлд бүтэн хагас километр зузаан мөсөн доор ус байх магадлалтайг тогтоосон байна. Усны эзлэх талбайн өргөн нь 20 гаруй километр аж. Ангараг гарагт агаарын дулаан цельсийн хасах 70 хэм байдаг хэдий ч мөсний даралт болон уусмал давс нь усыг хөлдөхөөс сэрэмжилдэг байж болох юм гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм байна.

Судалгааны багийнхан олон таамаг дэвшүүлсэн хэдий ч хамгийн өндөр магадлалтай нь Ангараг гараг дээр ус байгаа гэсэн дүгнэлт юм.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ