"Ли Шуй-ийн гурван эрдэнэ" үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2018-07-26 13:27:03
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 25-ний өдөр Хятадын гар урлалын болон урлагийн бүтээлийн дэлхий дахины үзэсгэлэнгийн 1-р зогсоол, “Ли Шуй-ийн гурван эрдэнэ” шилмэл гар урлалын бүтээлийн үзэсгэлэн Хятад-Монголын соёлын төвд нээлтээ хийлээ.
 
Үзэсгэлэнгийн нээлтэд НИТХ-ын дарга Н.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин , БНХАУ-ын Лишуй хотын Хүний нөөц, нийгмийн хамгааллын газрын дарга Жан Жиан, Жэжиан мужийн Арчин групп ХХК-ийн Ерөнхий захирал, Намын хорооны нарийн бичгийн дарга Уй Юуэмин тэргүүтэй зочид оролцов.


НИТХ-ын дарга Н.Амарсайхан "Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүмүүнлэг, соёлын солилцоо, хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй. Ли Шуй-ийн гурван эрдэнэ нь үзэсгэлэн нь хоёр улсын уламжлалт соёлын харилцааны хөгжлийг хамтран урагшлуулж, Монгол Хятадын гар урлал соёлын бүтээлүүдийн хөгжлийг урагш түлхэхэд хувь нэмрээ оруулж буй өв соёл, үнэт зүйлсийн нэг болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид хоёр орны соёл түүхийг харилцан сурталчлах, иргэдийн соёлын харилцааг дэмжихэд чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад Улаанбаатар хотын зүгээс үргэлж нээлттэй бөгөөд хувь нэмрээ оруулж ажиллах болно гэдгийг цохон тэмдэглэе" хэмээв.
 
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин Монгол, Хятад сайн нөхөр, сайн хөршүүд, сайн түншүүд болохыг онцлоод, хоёр улсын ард түмний найрамдалт харилцааны түүх эрт дээр үеэс эхлэлтэйг тэмдэглэсэн юм.
 
Тэрбээр “Энэ онд БНХАУ-ын Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны удирдагчид олон салбарт хамтран ажиллаж, туршлага солилцох талаар зөвшилцөлд хүрсэн. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны уур амьсгалд чухал ач холбогдолтой.  “Ли Шуй-ийн гурван эрдэнэ” Монголын ард түмэнд хүрч буй Хятадын урлаг, гар урлалын анхны үзэсгэлэн боллоо. Ард түмний зүрх сэтгэл, оюун санааны илрэл  хоёр орны хөгжлийн бодлогыг боловсруулах үндэс суурь болдог. Энэ дашрамд Монголын уран бүтээлчдийг БНХАУ-д үзэсгэлэнгээ дэлгэхийг урьж байна. Ингэснээр Хятадын ард түмэн Монголын соёлын талаар илүү ихийг сурч мэдэх боломжтой” гэв.
 
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Хятадын талаас Монголын Үндэсний түүхийн музейд удаан хугацаагаар үзвэр болон хадгалагдах шаазан ваар, хутга, чулуун хөшөө зэрэг гар урлалын бүтээлүүд бэлэглэж, гэрчилгээ олгов.
Л.Нандиа
Холбоотой мэдээ