АНУ vs Европ: Холбоотнуудын хооронд дэгдсэн худалдааны дайн

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-07-27 12:10:49
АНУ болон Европын Холбооны /ЕХ/ хооронд худалдааны дайн нэгэнт  эхэлчихсэн гэдгийг Францын Эдийн засаг, санхүүгийн сайд Брюно Ле Мэр мэдэгдлээ. Тэрбээр АНУ-д хандан “эрүүл саруул ухаанаар дахин тунгаан бодож, дэлхий даяар нэгэнт тогтсон дүрэм журмыг хүндэтгэх”-ийг уриалсан байна. Аргентины нийслэл Буэнос-Айрест болж буй Их20-ийн орнуудын Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүн нарын үеэр Францын сайд дээрх мэдэгдлийг хийжээ.
 
Үндсэндээ бол дайн аль хэдийнэ 6 дугаар сарын 1-нд эхэлсэн. Учир нь, АНУ-ын ЕХ-ноос  худалдан авч буй ган, хөнгөн цагаанд ногдуулах татвар тухайн өдрөөс үйлчилж эхэлсэн бол үүний хариуд мөн сарын 22-ны өдөр европчууд Америкийн 2,8 тэрбум долларын бараанд татвар ногдуулсан байна. Энэ үйл явдлыг “дэлхийн худалдаанд тохиосон хар өдөр” гэж Европын Комисс /ЕК/ тодорхойлжээ.

ЕХ-ны зүгээс Америкт үйлдвэрлэсэн олон төрлийн бүтээгдэхүүн, тухайлбал жүржийн шүүснээс эхлээд виски зэрэг 3,4 тэрбум долларын бараанд татвар ногдуулах гэж байгаа бололтой. Түүнчлэн Америкаас нийлүүлдэг төмс, улаан лооль, эрдэнэ шиш, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, хөнгөн завь, Харлей Дэвидсон мотоцикл зэрэг бараанд нэмэлт татвар ногдуулах гэж байна.


 
6 дугаар сарын сүүлчээр Америкийн Ерөнхийлөгч твиттер хуудсандаа бичихдээ “Хэрвээ Америкийн компаниудад хохирол учруулж буй татварын элдэв хязгаарлалтаа цуцлахгүй бол Европт үйлдвэрлэсэн автомашинуудад 20 хувийн татвар ногдуулна” гэж сүрдүүлж байсан юм.  “Европын Холбоо тэртэй тэргүй өндөр тогтоосон гаалийн татвараа Америкийн компаниудад зориулан улам өсгөх гэж байгаа бол АНУ руу чөлөөтэй орж ирж буй Европын машинуудад ч мөн адил татвар ногдуулах болно” гэж Д.Трамп анхааруулжээ. Өмнө нь 2017 оны эхээр тэрбээр Германд үйлдвэрлэсэн автомашинуудад 35 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлж байсан юм. Одоогоор Америкийн баячуудын унах дуртай “ВМW”, “Мерседес” маркийн автомашинуудад 2,5 хувийн, ачааны автомашинд 25 хувийн татвар ногдуулж байна. Харин АНУ-аас Европт нийлүүлж буй автомашинд 10 хувийн татвар ногдуулж байгаа аж.
 
Д.Трамп Европын автомашин үйлдвэрлэгчдэд хандан, үйлдвэрүүдээ АНУ-ын нутаг дэвсгэрт шилжүүлэхийг уриалж байсан билээ. Хэрвээ тэрбээр твиттертээ жиргэснээ бодит хэрэг болгож, ЕХ-ноос нийлүүлж буй автомашин болон сэлбэг хэрэгсэлд худалдааны татвар ногдуулах аваас 300 тэрбум долларын бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудал хөндөгдөх юм.
 
Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Америкийн Ерөнхийлөгч худалдааны алдагдлыг эрс бууруулна гэсэн амлалтыг сонгогчиддоо өгч байсан билээ. Учрыг тодруулбал, 2017 онд америкчуудын хүлээсэн худалдааны алдагдлын хэмжээ 566 тэрбум доллар байснаас 375,2 тэрбум нь Хятадтай хийж буй худалдаанаас хүлээж буй алдагдал юм. Харин Европын Холбоотой хийж буй худалдаанаас АНУ мөн онд 151,4 тэрбум долларын алдагдал хүлээжээ . 
 
Үүнд дургүйцсэн Д.Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр хэлэхдээ “найз нөхөд, дайсан гэлтгүй бүгдээрээ Америкийг шулан мөлжиж байна, би энэ байдлыг өөрчлөхийн тулд аж үйлдвэрийн салбараа дэмжиж, ажлын байрны тоог нэмэгдүүлэхийн тулд импортын татварыг өсгөнө” гэж амлаж байсан юм. “Улс орон маань ган, хөнгөн цагаан үйлдвэрлэж чадахаа боливол бид үндэсний аж үйлдвэрийн талаар ярих нь утга учиргүй хэрэг болно” гэж тэрбээр хэлж байлаа.

Вашингтоны үзэж байгаагаар бол, ган, хөнгөн цагааны импорт нь Америкийн үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа аж. Үүний хариуд Европын Комиссын /ЕК/ тэргүүн Жан-Клод Юнкер хэлэхдээ “Америкийн аж үйлдвэрийг хамгаалах зорилгоор авах гэж буй энэхүү алхамд бид маш ихээр харамсч байна. Үүнийг үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс авсан алхам гэж зөвтгөх ямар ч шалтгаан алга” гэв. Учир нь, Америкийн цэргийнхний эрэлт хэрэгцээ нь ган, хөнгөн цагааны нийт  хэрэглээний дөнгөж 3-хан хувийг эзэлдэг аж.



“Манай аж үйлдвэрийн салбар шударга бус арга хэмжээний улмаас хохирч, Европын олон мянган ажилчид ажлын байраа алдах гэж буй энэ үед бид гар хумхин зүгээр хараад суухгүй” гэж ЕК-ийн тэргүүн хэлж байв. 
 
Олон фронтод зэрэг дайтах нь 

Шинжээчдийн үзэж байгаагаар, хэд хэдэн фронт дээр зэрэг худалдааны дайн явуулж буй АНУ “дайснууд”-ынхаа аль нэгэнд нь тусгайлан буулт хийхгүй бололтой.
 
Олон фронт дээр гэсний учрыг тайлбарлаваас, Ерөнхийлөгч Д.Трамп ган, хөнгөн цагаанаас гадна Хятадаас нийлүүлж буй 100 гаруй нэр төрлийн бараанд 25 хувийн татвар ногдуулах тухай санамж бичигт 3 дугаар сарын 22-нд гарын үсэг зурсан бол үүний хариуд Хятад улс Америкаас нийлүүлж буй 128 нэр төрлийн бараанд 15-25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан. Ингэснээр дэлхийн ДНБ-ий бараг 40 хувийг үйлдвэрлэдэг, хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд жинхэнэ ёсоор “худалдааны дайн” дэгдсэн билээ. Түүнчлэн Канад, Мексик гэсэн хөрш орнуудынхаа нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд АНУ татвар ногдуулаад байгаа билээ.

Ер нь бол, АНУ-д 110 гаруй улс ган нийлүүлж байгаа бөгөөд Хятад улс нийлүүлэлтийн хэмжээгээр 11-р байранд ордог аж. Гэтэл Хятадыг голлон буруутгаж буйн учир гэвэл, зарим улсууд Хятадын ганг худалдан аваад бага зэргийн боловсруулалт хийснийхээ дараа АНУ-д дамжуулан экспортолдог байна. Ер нь бол, шинэ татварын улмаас Канад, Бразил, Өмнөд Солонгос, Мексик, Орос зэрэг Америкт ган нийлүүлэх талаар эхний 5-д ордог улсууд нэлээд хүндрэлтэй тулгарах нь тодорхой.
 
“Татварын дайн”-д нэрмээс болж, холбоотнуудын хооронд зөрчил үүсгэж буй өөр нэгэн зүйл гэвэл 2017 оны 8 дугаар сард Д.Трампын гарын үсэг зурсан CAATSA /Хориг арга хэмжээний үндсэн дээр Америкийн дайснуудыг сөрөн зогсох/ хэмээх хууль юм. Уг хуулийн дагуу Оросын батлан хамгаалах салбарын үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж буй дэлхийн аль ч улс орны компани, байгууллага, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах аж. Харин Оросын түншүүдтэй хийж буй бизнесээ хязгаарлах хүсэлгүй байгаа европчууд үүнд дургүйцэх нь мэдээж. 
 
Үүнээс харвал, америкчууд Хятад, Европ, Орос гэсэн гурван том фронт дээр нэгэн зэрэг худалдааны дайн явуулж байна.

Худалдааны дайны улмаас дэлхий дахинд үйлдвэрлэлийн хэмжээ 0,5 хувиар буурна гэж таамаглаж байгаагаа Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард хэлсэн байна. Орос, Хятадын талаар явуулж буй АНУ-ын эдийн засгийн бодлогын уршгаар дэлхийн ДНБ 1,5 хувиар буурч болзошгүй гэдгийг ч мөн анхаарууллаа.

Зөвшилцөлд хүрэх магадлал 

Хэдийгээр Д.Трамп маш хатуу байр суурьтай байгаа боловч АНУ, Европын Холбоо хоёр худалдааны дайнаас татгалзаж, зөвшилцөлд хүрэх магадлал бий юу? 

Европын орнуудын Вашингтонд тавьж буй болзол шаардлага бол ган, хөнгөн цагаанд ногдуулсан татвараа хүчингүй болго, үүний дараа л хэлэлцээ хийе гэсэн хатуу байр суурь юм.
 
Америкчуудын хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нь өөрийн зах зээлд нэвтрүүлэхдээ тавьдаг хатуу шаардлагаа сулруулахыг европчуудаас шаарддаг. Европын зах зээлд ХАА-н болон гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргахын тулд Америкийн тал Европын Холбооноос тавьдаг маш хатуу дүрэм журмыг биелүүлэх хэрэгтэй болдог.

Түүнээс гадна, Трамп Америкийн шингэрүүлсэн хийг худалдан авахыг европчуудаас шаардаж, Оросын “Умардын урсгал-2” хийн хоолойгоор хий авахгүй байхыг ятгах болно. “Умардын урсгал -2” гэдэг нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан 1200 км урт хий дамжуулах хоолой барих төсөл юм. Европчууд Оросын хийнээс татгалзаж, Америкийн өндөр үнэтэй хийг худалдан авсан тохиолдолд АНУ-ЕХ-ны худалдааны тэнцвэр сайжирна гэдэг нь ойлгомжтой. Энэ тохиолдолд Д.Трамп хариу буулт хийснээр худалдааны дайн түр зуур намжиж, эвлэрэл тогтох магадлалтай гэдгийг шинжээчид хэлж байна.   
Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, гаалийн татвар, худалдааны саад тотгор болон улсаас өгдөг татаасаас нэгэн зэрэг татгалзахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооны /ЕХ/ эрх баригчдад санал болгожээ. Ийм арга хэмжээг авч хэрэгжүүлснээр чөлөөт зах зээл, шударга худалдааг дэмжих болно хэмээн Д.Трамп үзэж байна. Харин ЕХ ийм алхам хийнэ гэдэг нь тун   эргэлзээтэй.

Өмнө нь АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин хэлэхдээ “хэрвээ АНУ-Европын Холбооны хоорондын худалдаанд ногдуулсан бүх татварыг цуцалсан тохиолдолд худалдааны хязгаарлалтаа хүчингүй болгож, G7-гийн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад АНУ бэлэн байна” гэдгийг илэрхийлсэн юм.  
 
Эцэст нь хэлэхэд, урьд өмнө нь дэгдэж байсан “худалдааны дайнууд”-ад ялагч тодрон гарч ирдэггүй байсан бөгөөд бие биетэйгээ барьцан татвараа нэмсэн "дайтагч талууд" бүгд л хохирол амсдаг байв. Гэтэл Д.Трамп хэлэхдээ “худалдааны дайн хийх нь муу зүйл биш, энэ дайнд хялбархнаар ялах боломжтой” гэж байсан билээ. Үнэхээр АНУ олон фронт дээр зэрэг явуулж буй тулалдаанд ялах эсэхийг цаг хугацаа харуулах болно.
 
Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ