Иргэд өрхийн эмнэлгээр дамжуулан шинжилгээ өгдөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-27 21:32:28

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Нэгдсэн эмнэлэг эмнэлгийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангах, иргэдийн хүлээгдлийг бууруулах зорилгоор, лавлагаа үйлчилгээний журам боловсруулан шинэ үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэлжээ.
Тухайлбал цаг товлох, ажлын цагаар эрүүл мэндийн зөвлөгөө өгөх утас ажиллуулахаас гадна өрхийн Эрүүл мэндийн төвүүд дээр шинжилгээг авч сорьцыг зөөвөрлөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ хийгддэг болжээ. Ингэснээр иргэд шинжилгээ өгөхөөр заавал аймгийн Нэгдсэн эмнэлэгт оочер дараалал үүсгэж цаг заваа барахааргүй болсон. Тиймээс манай иргэд өөрийн харъяаллын өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээгээ өгч хариуг нь өдөртөө авч эмчилгээгээ заалгах бүрэн боломжтой юм. Түүнчлэн цаг товлох үйлчилгээ нь завгүй ажилтай иргэдэд өөрсдийн боломжоороо эмчтэйгээ ярилцаад үзүүлэх боломжийг хангаж өгсөн. Эмч нар тухайн өдрийн тараагдсан номероос илүү үзсэн үйлчлүүлэгчийн тоогоор урамшуулал авдаг болсон нь эмч нарт маш их боломжийг өгч байгаа. Лабораторийн шинжилгээг хүлээгдэлгүй өдөрт нь багтаан авдаг болсон байгаа хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.
Дашрамд дуулгахад Эрүүл мэндийн сайдын 06 дугаар албан даалгаварын хэрэгжилтийн хүрээнд бямба гаригт амбулаторийн үзлэг, үйлчилгээг үзүүлдэг болжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг бямба гаригт эхо, шүдний амбулаторын үзлэг оношилгоог 11:00-14:00 цагийн хооронд хийж байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ