Д.Заяабаатар:Монгол хэл, утга зохиолыг Ази, Европын орнуудад таниулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-08-03 16:58:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл, утга зохиолын салбар хамтран зохион байгуулж буй “Монгол хэл, утга зохиол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр МУИС-ийн Хичээлийн Нэгдүгээр байранд эхэллээ.

Энэхүү хуралд Монгол, БНСУ, БНХАУ, Унгар, Франц, Герман зэрэг 9 орны 32 эрдэмтэн судлаач илтгэл тавьж байна.
Монгол хэл, утга зохиол судлал зогсонги байдалтай байсан бол 2015 оноос эрчимтэй хөгжиж байна. Энэхүү хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар монгол хэл судлаачдын тоог нэмэгдүүлэх, Ази, Европын орнуудад сурталчлан таниулан цар хүрээгээ тэлж ажиллахаар зорьж буйгаа Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар хэллээ.

БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарын захирал Б.Цогт хэлэхдээ, “Монгол хэл, утга зохиол судлал” нь аман  зохиол болон 1950, 1960-аад оноос өмнөх үлгэр, туужийг хятад хэлнээ хөрвүүлж, судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй. Мөн Монгол үндэсний урлагийн судалгаа, хамтарсан төслийг боловсруулж ажиллах нь зүйтэй” гэдгийг тодотгов.
Тус хуралд БНСУ-ын Хангүг гадаад судлалын их сургуулийн доктор Ким Гисонь, Орчин цагийн монгол, солонгос хэлний шинэ үг бүтээх аргын харьцуулсан судалгааны талаар илтгэл тавьсан юм.Тэрбээр, “Монгол хэл судлаачид шинэ үг үүсгэх, бүтээх бусад улсын хэлэнд буулгах их сонирхолтой байдаг. Сүүлийн жилүүдэд монгол судлаачдын тоо эрс нэмэгдэж, судалгааны ажлууд зохион байгуулж байна” гэв.

Хурал маргааш өндөрлөнө.  
Д.Болор-Эрдэнэ

Холбоотой мэдээ